
БНМАУ-ын Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын 90 насны ой өнөөдөр тохиож байна. Тэгвэл бид та бүхэнд түүний таван шүлгийг онцолж байна.
Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бүхэнтэй
Аймшиггүй тулалдаж ирсэн
Ард Чойномын түүх юм.
Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж төрүүлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчнээ үзэлцсэн
Ринчиний Чойномын түүх юм.
Хонгор багын диваажинд
Хотлын хүүхэд шиг байснаа
Хорвоогийн <<үнэн>> хэмээх
Хориотой модны жимсийг
Арванхан хэдтэйгээ тасалж
Амт, үнэрийг нь таньснаас
Амьдралын бараан ёроол уруу
Ад болж хөөгдсөн түүх!
Гарын бэлгүй тэнэж
Гашуун үнэнээр хооллож
Өнтэй жилийн чоно шиг
Өлсөж өссөний минь түүх!
Монгол шүлгийн атарт
Модон анжис үзгээр
Мохошгүй шан татаж
Морь мал шиг зүтгэж
Сургууль үзээгүй биеийнхээ
Жаргал үзээгүй хөлсийг
Нарнаар сарнаар асгаруулж
Найрагч болсны минь түүх!
Хорвоогийн цуут мэргэдийн
Үхэж явсан замаар
Хорьдугаар зуунд би
Үрэгдсэн ч яахав, гэхдээ
Шүлэг мэддэгүйчүүлийн ширээг
Шүдээ элэгдтэл мэрж
Нойтон хүйтэн шорон уруу
Нохой шиг хөөгдсөн түүх!
Тэгэвч, сэтгэлээр унаагүй
Тэмцэж явсны минь түүх!
Яруу шүлгийнхээ мөрүүдээр
Ялж явсны минь түүх!
Утас шиг энэхэн биедээ
Уул шиг зовлон чирэвч
Харцын хүүхдийн гэрт
Хаан шиг жаргаж явлаа.
Би эхнэр авахгүй шүү авахгүй
Битгий намайг ятгаарай ээжий минь, нөхөд минь, охид минь
Би эхнэр авахгүй
Биеэ хайрлаж амиа бодсондоо биш
Ичсэндээ би ингэж тунхаглаж байна.
Эмэгтэй хүнд дургүйдээ биш дуртайдаа
Энхрий тэдэнд хайргүйдээ биш хайртайдаа
Энэ дэлхий дээр хөхнийхөө сүүгээр тэжээсэн ачтаныг
Эрх чөлөөтэй хүн шиг явагдаа гэсэндээ
Эхнэр авахгүй гэж
Энэ ширээн дээрээ
Эх нутаг дээрээ
Энгүй их дэлхий ертөнц даяар би андгайлж байна.
Олон айлаар орж гарч үзсэн би
Олон олон эхнэр нөхрийн
Орилоон бархираан, хараал хэрүүл, зодоон нүдээнийг
Орчин үед нүдээ чилтэл чихээ хавдтал үзлээ.
Хамаг судас нь гүрийж халимаг үс нь босож
Хамар нь майхны ваадан шиг нармалзаж
Хашгирч нулимж дэвслэж
Харааж зүхэж заналхийлж
Заамаа ярж нударгаа зангидсан
Зандалчин дүрийг олсон зарим нөхдүүдийг
Харсан минь гай болж
Хааяа би хар даран зүүдлэх юм.
Гэзэг үсээ сэгсийтэл дээш доошоо тонгочиж
Гэдэс хэвлийгээ гартал дээл палажаа цуучиж
Өлөгчин барын нүд шиг
Өшөө хорсол хилэн бадарсан нүдээ
Мөс шиг цэхэлзүүлж
Мөс нь бас уур хилэнгийн галд хайлав уу гэмээр
Мөндөр бороо шиг нулимс асгаруулж
Үнгээд хаячихсан зураг шиг
Үрчийж ярвайсан нүүрэн дээгүүр нь
Үерийн ус шиг урссан өөрийнхөө нулимсанд
Үзмэр чамирхалынх нь будаг, оо үнс, хөө, цус мэт
Холилдон урссан арчаагүй бүсгүй хүнийг
Хоёр гурав биш хорь гучаар нь үзсэн хорины идэвхитэн авгай
Хойд урд хамар хашааны хүүхнүүд
Хол ойрын хамаатнуудаас нь өөр
Энэ хэргийг ойшоож
Эрх дархыг нь өмгөөлж
Эрс арга хэмжээ авах
Элэг зөөлөн хэн бий вэ?
Аль нэгнийхээ мөчийг хугалаагүй бол
Адаглаад хамар чихийг нь хазаагүй бол
Албан ёсоор тэдний хэргийг
Авч хэлэлцэх үндэсгүй гэдэг
Үндсийг нь хүлээсэн хүн үрэгдэж ч мэдэх
Үгүй бөгөөс үйлээ үзэж үсээ халцалж
Гайгаар учирсан амраг зандалчны
Гарын доор амь зуух болдог.
Энэ чинь амьдрал юмуу?
Эрх чөлөө юмуу?
Энх тайван 20-р зуун юмуу?
Эхнэр нөхөр 2 гэдэг чинь муур хулгана гэсэн үг үү?
Муу янагласнаас сайн үнсээд өнгөрөө гэсэн үг байдаг
Муур хулганацаж хаана биз, болих болоогүй юмуу?
Мунхаг харанхуйн зуршил эхнэр нөхөр гэдэг
Мунхаг хар томъёог өөрчлөх болоогүй юмуу?
Аль эрт энэ тухай Равжаа хутагт шүүмжилсэн бус уу
Ариун сэтгэл нинжин хайрын тухай
Амаа чилтэл ярьж үзэгээ элэгдтэл бичиж
Айл бүхэнд зуу зуугаараа оногдох ном, кино, дуу, шүлэг гарсан байна.
Аль вэ, тэгтэл эхнэр гэж эдлүүлэх, зарцлуулах, хардуулах
Эрт баларын нөгөө л үйл хэвээрээ
Эрээгээ барсан зарим нь
Эрх сүрээ улс бататгахын дон тусаж
Өнөр өтгөн бүлтэй
Өрхийн тэргүүн гэгдэх юмсан гэж
Өөрийгөө гэрийн доторх хэсээгүй эрхт богдод
Өргөмжилж ичгүүргүй дуу хүртэл гаргасаар байна.
Энэ бүгдээс ой гутаж
Эхнэр авахгүй гэж би андгайлж байна.
Эхнэр авахгүй... харин
Энхрий сэтгэл нийлсэн хүний нэг үртэй
Эрх зориг чацуухан хамт амьдрах бодол байна.
Дарлуулдаг эхнэр даралдаг нөхөр биш
Дархан мөнх амьдралын насан элээх шувууны далавч болж
Хоёулаа
Эн чацуухан дэвэх, эцвэл хоёулаа эцэж
Эрэмшвэл хоёулаа эрэмшиж
Эгц дээшээ хоёулаа өндөр авч
Эсвэл хоёулаа унах жинхэнэ хань хэрэгтэй.
Алдхан биеийг минь төрүүлсэн ачтан ээж минь
Азай буурал тэргүүндээ сайн тогтоож ав.
Хайраа өгсөн ханийг минь та
Хадмын нүдээр бүү хараарай.
Хардаж авгайчуудын хов живээр
Хааяа ч гэсэн улыг нь бүү шагайгаарай.
Бэлдэх ёстой хоол цай хийж улиглах байтугай
Бэр гэдэг баларын нэрээр нэрлэхийг
Би зөвшөөрөхгүй.
Бид зөвшөөрөхгүй.
Энэ гэрт би хувьсгал хийж байна.
Эхнэр гэдэг дөнгийг
Хүний бүсгүй үрийн
Хүзүүнээс авч хаялаа.
Ээж та хүү наддаа л ээж нь бай
Энхрий ханьд минь ардчилсан БНУ-ын адилхан нэг иргэн нь бай.
Амраг бүсгүйг авчирахын учир гэвэл
Амттай хоол хийлгэх гэсэн юм биш
Угаалга хийлгэж цэвэрлүүлэх гэсэн юм биш
Урагдсан хувцасаа оёуулах гэсэн юм биш
Улс амьтанд үзмэр болгож үзүүлэх гэсэн юм биш
Унтах орондоо өвөр дулаан байлгах гэсэн юм биш
Ажил бүтээл, сурлагын агуа хүчийг дэмжилцэж
Агуа их 21-р зуундаа ард иргэний үүргээ биелүүлж
Нэгэн биений тэнхэл үл хүрэх бүтээлд
Нэгдэж хоёулаа тэмцэх гэсэн юм.
Энэ бол эхнэр биш эрх чөлөө төгс
Энх журмын хамтран зүтгэгч хань болно.
Би эхнэр авахгүй.
Цэцэнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад
Тэрүүнээс илүү зовлон алга даа
Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд
Яарахаа мэдсийм бол
Яах гэж би эрт төрөө вэ?
Ундааны дээж архий нь болвол хө
Ууна гэж юунд нь амсав даа хө
Учир ерөөлгүй чамдаа болвол хө
Сууна гэж юунд нь амлав даа хө
Нуур болгон үлдээхгүйгээс хойш
Нулимсаа юунд нь гаргав даа хө
Нуруу биеэр чинь тэвэрэхгүйгээс хойш
Нууцхан чиг юунд нь дасав даа хө
Сэргэлэн цовоо явахад
Хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр
Гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт
Бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт
Бурхан хүртэл зугтаана
Саруулхан шөнийн цэнхэр уулий нь хө
Салхит гэж юунд нь нэрлээ вэ хө
Санасандаа хүрдэггүй миний л амраг
Салнаа гэж юунд нь нэрлэхээ вэ хө
Өнөө зуны хур бороо нь хө
Өвөлдөөн ч битгий ороосой билээ дээ хө
Өнгөрүүлж сурсан миний л амраг
Өөр хүнийг битгий зовоогоорой доо хө
Зугаалж цэнгэж явахад
Зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд ойчиход
Зуух олон ноходтой боллоо
Ертөнцийг би хараад загнаагүй юм
Ертөнцийн үнэнийг дуулах гэж
Есөн жил зүтгэсэн юм
Ертөнцийг харж чадаагүй хэнхэгүүдэд
Есөн жил загнуулсан юм
Эрх чөлөө, яруу найраг хоёртой
Эр хүн шиг ижилдэж явсан
Санаанаас гарамгүй есөн жил минь чи
Сахалт Чойномыг битгий мартаарай
Авдар авдараар нь сөгнөхгүйгээс хойш
Архийг юунд нь амсав даа би
Амьдын жаргалыг эдлэхгүйгээс хойш
Анхнаасаа юунд нь дасав даа чи
Далавчгүй байтлаа шувуу бүхнийг
Дагаж битгий нисээрэй дээ хө
Даанч чиг томоогүй миний л амраг
Дахиж битгий уйлаарай даа хө
Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу
Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...
Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явхыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиан борлуулж суухыг
Алд биений жаргал
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явхыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл
Халагдхаасаа өөр сэтэргүй
Хавийхныгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хааи
Бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгаж зовлон ч гэнэ
Гэтэл
Амьдрал мэдэхгүй багчуудыг
Амаргаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай, Элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Айдаа, Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдгийм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоог
Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
Ой мод шиг зовлон дундаас
Гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ!, Барагдах нь байтугай багссангүй
Үндсий нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай заохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөл хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хотуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартхын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины утаа залиглаж
Бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилож цамнадаг
Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж
Гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ!
Хүсэл чинэ их ухаан чинэ урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
Эртнээс эдүгээг хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн зовсоор та нар байх юмуу
Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг
Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь
Биеийг минь, хүчин чадлыг минь
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн
Аугаа их тэр уран хүнд
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм.
Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь
Онгойж үлдсэн аавын минь орон дээр
Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь.
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй
Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож
Хэнтий нутгийн боржигон тал дунд
Айлын ганц багана болж явахдаа энэ хүн
Арай ч ийм эмгэн байгаагүй юм
Өнөө харахнээ намрын навч шиг
Өчүүхэн шар эмгэн.
Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн
Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг
Найган дэлгэрч явсан юм
Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад
Нас нь залуу шүд нь бүрэн ухаан нь саруулхан байхад Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний
Адармаатайхан хувь заяа
Ард гаралтай энэ хүнээр
Арай хатуу тоглосон юм
Гал цог шиг залуу насны
Ган төмөр шиг бие цогцос
Ганган үзэмж, онгон хайрыг
Гар таталгүй хайрласан мөртлөө
Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь
Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх
Хатуу тавилан заяасан байна
Эс танихаас панзчин шиг
Эрхэм дотноос архичин шиг
Элдэвтэй хорвоо миний ижийгийн
Элэг зүрх рүү цөм өшиглөж
Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод
Энхрий үрсийг нь тэврүүлээд
Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд
Эргэн харалгүй орхисон байна.
Цаг өөр байж
Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж
Цай алт шиг, талх мөнгө шиг байж
Цатгалан панзчид эзэн хаан шиг байж
Бугуйвч бөгжнийх нь оронд
Будааг шанагаар биш ширхэгээр нь тоолох дөхөж байж
Ээмэг даруулганы нь оронд
Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж
Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн
Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм
Тэвчээр, эхийн итгэл хоёрыг
Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм
Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж
Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь
Хуруугаа цоортол, нуруугаа бөхийтел ажил хийж
Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээсэн юм.
Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад
Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй юм шиг дүр үзүүлж
Сүх барин сууж
Тэсэхэд бэрх салхи шуурганаар жагтагнаасаа зуурч
Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалж
Тэмээгээр орон газар очин чихэр авчирч
Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосон юм
Бид инээж баясаж, хөөрч элэг бүтэн өсөцгөөсөн юм
Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм.
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн л аавыгаа нэхэж
Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөж хүн болсон юм
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй
Гэрийнхээ ганц алтан багана болж
Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсан юм ижий минь.
Одоо больж дээ зайлуул
Ой ухаан нь уймраа, аймхай болж
Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж
Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж
Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж
Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож
Үдийн цай холдохыг даадаггүй болчихож.
Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж
Ижийгийн тухай бүх хүн ярина
Ийм хүн байгаагүй нь үнээн
Ийм болгосон хүн нь би байна.
Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм.
Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү
Эх хүн олончиг намайг миний ижий шиг хайрлаа ч билүү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч хүний нүдний булай болсон ч
Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг
Энэ миний шүтээн.
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгуй
Өнө мөнх миний ганц шүтээн
Өнөөдөр намрын навч шиг болсон
Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн.
Өөр би юуг шүтэх юм бэ?
Л.Баяр





















































