Манай тусгай сурвалжлагч С.ОНОНТУУЛ Москва хотоос мэдээлж байна.
Ердөө сар хүрэхгүйн өмнө Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д нэгдэн гар барьж, гарын үсгээрээ баталгаажуулснаар Монгол Улс уг зөвлөлийн анхны 19 улсын нэг болсон.
Бидний нэгдэн орсон “Энхийн зөвлөл”-ийг олон улсын экспертүүд “Трампын Мөнгөний клуб, эрх мэдлээ хязгааргүй тэлэх хүсэл” гэж шүүмжлээд энэ нь НҮБ-ын үүргийг сулруулж, нэг талын нөлөөллийг бий болгох эрсдэлтэй хэмээн болгоомжилж буй. Харин зөвлөлд нэгдсэн улс орнуудын хувьд өөр өөрийн өнцгөөр зөвтгөлөө хийж байгаа бөгөөд манай улс гэхэд л “Энхийн зөвлөл”-ийн дүрмийн зорилго Монгол Улсын гадаад бодлогод нийцэж байгаа учраас гэж тайлбарлаж байгаа.
“Энхийн зөвлөл”-ийн дүрмийн эхэнд “Энхийн зөвлөл нь мөргөлдөөнд өртсөн буюу өртөх эрсдэлтэй бүс нутгуудад тогтвортой байдлыг хангах, хууль ёсны, найдвартай засаглалыг сэргээх, мөн урт хугацааны энх тайвныг баталгаажуулах зорилготой олон улсын байгууллага мөн. Энхийн зөвлөл нь олон улсын эрх зүйд нийцүүлэн, энэхүү Дүрэмд заасны дагуу зөвшөөрөгдсөн энх тайвныг цогцлоох үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд үүнд энх тайвныг эрэлхийлж буй бүх улс, орон нутагт хэрэглэж болох шилдэг туршлага, загваруудыг боловсруулах, түгээх үйл ажиллагаа багтана” гэсэн байдаг.
Гэхдээ энэ үйл явдлын дараахан Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “АНУ-ын санаачилсан “Энхийн зөвлөл”-д нэгдсэний маргааш гадаад төлбөр тооцоо хийх лицензээ бүтэн жилээр сунгууллаа хэмээсэн нь хөшигний арын яриа хэлцлүүд ямархуу өнгө аястай өрнөснийг бага ч атугай илтгэдэг. Харин манай улсын мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д тийм ч таатай хандаагүй юм.
БНХАУ: Манай урд хөрш АНУ-аас “Энхийн зөвлөл”-ийн гишүүнээр элсэх урилга авсан гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам баталсан. Гэхдээ зөвлөлд элсэх эсэхээ Бээжин одоогоор зарлаагүй бөгөөд Трампын урилгад албан ёсны хариугаа өгөөгүй байгаа. ОХУ: Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Владимир Путин Д.Трампын “Энхийн зөвлөл”-д оролцох албан ёсны урилгыг дипломат сувгаар хүлээн авчээ.
Гэхдээ энэ санаачилгын талаархи дэлгэрэнгүйг АНУ-ын талтай харилцан тодруулсны дараа шийдвэр гаргана гэж байгаа юм. Монгол Улс Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д нэгдсэний дараа УИХ-ын дарга Н.Учрал анхны айлчлалаа ОХУ-д хийж байна.
Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар энэ сарын 9-12-нд тус улсад албан айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал ямар нүүдэлтэйгээр ОХУ-д ирснийг энэ өдрүүд харуулна. Цаг хугацааны хувьд эдгээр үйл явдлуудын давхцал Вашингтон алсад, Москва энүүхэнд байдгийг сануулж байна...



















































