
Газын зурваст Израилын арми агаарын болон нисгэгчгүй онгоцны цохилт өгсний улмаас найман хүн амиа алдсан талаар орон нутгийн эмнэлгүүд мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд дөрвөн настай хүүхэд байсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт Газын хотын Аль-Римал дүүрэгт, Каирын сургуулийн ойролцоо пуужингийн цохилт болжээ. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр уг халдлагын улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь дөрвөн настай хүү байв.
Мөн Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан-Юнис хотын Аль-Маваси бүсэд Израилын нисгэгчгүй онгоц цагдаагийн ажилтнуудын бүлэг рүү цохилт өгчээ. Палестины Дотоод хэргийн яамны мэдээлснээр уг халдлагын улмаас үүрэг гүйцэтгэж байсан таван цагдаагийн алба хаагч амь үрэгдсэн байна. Израилын арми Хан-Юнис хотод зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг онилон цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол Газын хотод болсон халдлагын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Газын зурваст 2025 оны аравдугаар сард гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсэн ч мөргөлдөөн, агаарын цохилтууд үргэлжилсээр байгаа юм. Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш Израилын довтолгооны улмаас 1,500 гаруй хүн амиа алджээ.
Харин 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу халдсанаас хойш Газын зурваст өрнөсөн дайны улмаас нийт 74 мянга гаруй палестин хүн амиа алдсан гэж Палестины тал мэдээлж байна. АНУ-ын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд талуудын хооронд тогтвортой энх тайван тогтоох, Газын зурвасыг сэргээн босгох асуудлаар хэлэлцээ үргэлжилж байгаа ч нөхцөл байдал тогтворжоогүй хэвээр байна.
Л.Баяр

























































