Тайз дэлгэцийн олон сайхан бүтээлийн гол дүрүүдийг амилуулсан жүжигчин Б.Амарсайхан сонгуулийн үед улс төрийн хүчний гол зэвсэг болсоор ирсэн. УИХ-ын 2012 оны сонгуульд АН-ыг ялалт байгуулахад гүн тулалцаа үзүүлсэн хүнээр тодорч байлаа. Тэгвэл АН-ын ах нартайгаа удаахь буюу 2016 оны сонгуульд тангараг тасарч, урван тэрслэн МАН-ын талд ажиллав. Үр дүн нь ч гарсан. АН ялагдаж, МАН мандсан юм.
Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл төрийг эргүүлэх хүчтэй гэсэн яриа сонгуулийн дараа дэлгэгдэж байлаа. Аливаа сонгуульд ялалт байгуулахыг хүсч байгаа бол Б.Амарсайханг урьж, зал гэх утга бүхий хошигнол ч байдаг. Магадгүй түүний хийж буй үйлдлүүд, уран яруу найраглал мэт ухуулга түмний тархинд тод үлддэг учраас тэр биз. Тэр сайн жүжигчин учраас дүрийг хэрхэн амилуулахаа мэдэрдэгт хамаг учир бий. Мөн нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ч маш сайн тооцдог байх. Ерөнхийдөө сайн жүжигчин хүн улс төрийн сонголтонд ингэжэ нөлөөлж чадна гэдгийг тодоор харуулсан залуу. Тэгвэл өнөөдөр түүнийг жүжигчин гэхээс илүүтэй шүдэнз гэдэг нэр дагах болсон билээ. Хоёр ч удаа шүдэнзтэй хамсарч төрийн эрх мэдлийг ах, дүү гэх намуудын гарт ээлж дараалан атгуулсан болохоор.
Анхлан АН-ын ах нараа магтан дуулж, ардчилал хүний эрхийг ард түмэнд авчирсан хэмээн ганц шүдэнз зураад л парламент дахь олонхийн суудалд хүргэсэн. Дөрвөн жилийн дараа Амараагаа алдсан, гомдоосон АН сонгуульд ялагдаж шоконд орсон юм. Шүдэнзтэй хамсарч “Би юу хийчихэв ээ” АНдуурсан сонголтыг ард түмнээр хийлгэсэн байна гээд л МАНдуулъя хэмээн алдаагаа засахаар дуугарсан Амараагийн хэлснээр түмэн олон сонголтоо хийв. Гэвч өнөөдөр шүдэнз Амараагийн хэлснээр МАНдсангүй. Өнгөрсөн хугацаанд АН-ын засаглал эх орон, ард түмнээ бараг л алгадсан нь үнэн. Өч төчнөөн тэрбум ам.долларын өртэй үлдээсэн. Харин хоёр дахь шүдэнз зуралтаар хууль тогтоох, төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн МАН манарч бэдэрч явна. Юун хөгжил, амьдрал ахуйг дээшлүүлж, эдийн засгийг сэхээний тасгаас энгийнх рүү шилжүүлэх МАНатай. Өмнөх засаглалын зарчмаар л өр тавья, гадаадаас зээлье гээд уухайлан байгаа. Эдийн засгаа бэхжүүлэх гол түлхүүр нь зээл гэж харагдах. Эсвэл шүдэнзний гэрэлд гарцаа олохгүй төөрч явна уу. Тийм бол жүжигчин Амараа шүдэнзний дөлөө бамбар болгон гэрэлтүүлж, гарц харахад туслах хэрэгтэй мэт.
Тэгэхээр шүдэнзний ид шид бас л гарсангүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр шүдэнз Амараа хийсэн зүйлээ дүгнэн суугаа болов уу. Хоёр ч удаа улс төрийн хүчнийхэнд үйлчилж, иргэдийн сонголтонд нөлөөлж чадсан тэрээр дараагийн сонгуульд ямар шийдэл гаргах бол. АНдуурсан сонголт, МАНдуулах гээд манарсан үе бүхнээ ардаа орхиж ирэх сонгуульд өөр намын сурталчилгааг хийх үү гэсэн асуулт ч урган гарч эхэллээ. Түүний хувьд төрийн эрхийг аль нэг намын гарт атгуулах ажлаа төгс гүйцэтгэсэн гэж хэлэхэд буруудахгүй. Харин төгс гүцэтгэлийнх нь хариуд ах нар нь ямар зүйл хийж байгааг нь харахад дэндүү ичмээр. Сайн хүний нэрийг гурав худалддаг гэдэг. Түүнийхийг том хэмээх цолтой хоёр нам ээлж дарааллан зараад идчихлээ. Хариу нь эрхэм жүжигчингийн нэрний өмнө шүдэнз гэх тодотгол дагаж, жүжигчин Амараа шүдэнзчин болж хувирсан.
Монголын уран сайхны “Хүргэн хүү” кинонд Жамц баян хорин сайхан шарыг минь хоёр, гуравхан хулгана идлээ гэж үү хэмээн халагладагтай адил хамаг олны саналыг хоёр шүдэнз зураад л дагуулсан жүжигчин Амараагийн нэр хүнд хөөрхий. Мөн “Алив чиний тэр хадам ахын хойд насандаа хонин гүрвэл болно энэ тэр гэсэн” гээд л “Сэрэлт” кинонд гардаг хэсэг санаанд буух. Түүнээс ингэж л асуумаар байгаа юм. Магтаад МАНдуулаад байсан ах нар чинь, чиний хэлсэн сайхан үгс хаачив. Ямартай ч хоёр удаагийнх нь ийм. Харин дараагийнх Н.Энхбаярын эзэмшлийн МАХН уу гэсэн яриа сошиал ертөнцөөр тэнэж явна. Үүнийг эргэх цаг хугацаа харуулж, эрхэм шүдэнзчиний хүний сэтгэл мэдэх хэрэг болж байна.
Иймд дараагийн сонголтоо АНдууралгүй, МАНаралгүй аятайхан хийх болтугай. Тэр сайн жүжигчин, авьяастай залуу. Ард түмэн түүнд хайртай бас итгэдэг. Тиймээс шүдэнз Амараагийн дараагийн сонголтыг ч хүндэтгэх биз ээ. Харин ахин алдаа гаргахгүй гэдэгт л итгэж байгаа.
Э.Мөнгөн
Сэтгэгдэл (62)