
Жирийн нэгэн халдвар хүний амь насыг авч оддог байсан цаг үе гэж бий. Харин антибиотик нээгдсэнээр анагаах ухаанд шинэ эрин эхэлж, урьд нь эдгэршгүйд тооцогддог олон халдварт өвчнийг эмчлэх боломж бүрдсэн юм. Гэвч өнөөдөр хүн төрөлхтөн антибиотикийн үр нөлөөг алдаж болзошгүй шинэ сорилттой нүүр тулж байна. Энэ нь антибиотикт тэсвэртэй нянгийн тархалт юм. Арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий нийтээр тэмдэглэдэг Нянгийн эсрэг эмийн тэсвэржилтийн талаарх мэдлэг түгээх дэлхийн долоо хоног энэ жил “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Нянгийн эсрэг эмийн тэсвэржилтээс одооноос сэргийлье” уриан дор болж байна.
Мөөгөнцөрөөс эхэлсэн анагаах ухааны хувьсгал
1928 онд Шотландын эрдэмтэн Александр Флеминг Лондон хотын лабораторидоо нянгийн өсгөвөр бүхий аяган дээр нэгэн сонирхолтой зүйл анзаарчээ. Түүний лабораторид байсан өсгөврийн аяганд хөгц мөөгөнцөр ургасан бөгөөд мөөгөнцрийн эргэн тойронд нян үржихээ больсон байв.
Флеминг энэ үзэгдлийг судалж, хөгц мөөгөнцрөөс нянгийн өсөлтийг саатуулдаг бодис ялгарч байгааг тогтоосон нь хожим пенициллин хэмээн нэрлэгдсэн юм.
Гэхдээ нээлт хийсэн даруйдаа уг бодисыг эмчилгээний зориулалтаар өргөн ашиглах боломжгүй байлаа. Пенициллинийг цэвэршүүлж, их хэмжээгээр үйлдвэрлэхэд Оксфордын их сургуулийн эрдэмтэд Ховард Флори, Эрнст Чейн нарын баг чухал үүрэг гүйцэтгэсэн. 1941 оноос хүний эмчилгээнд хэрэглэж эхэлсэн бол Дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдвэрлэлийг эрчимжүүлснээр олон хүний амийг аврах эм болжээ.
Антибиотикийн нээлт анагаах ухааныг хэрхэн өөрчилсөн бэ?
Пенициллин өргөн хэрэглээнд нэвтрэхээс өмнө шархны халдвар, уушгины хатгалгаа болон бусад бактерийн гаралтай өвчин амь насанд ноцтой аюул учруулдаг байв.
Антибиотик бий болсноор мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын эмчилгээ зэрэг халдварын эрсдэл өндөртэй олон төрлийн эмчилгээ илүү аюулгүй болох нөхцөл бүрджээ.
1940-1960-аад оныг антибиотикийн нээлтийн “Алтан үе” гэж нэрлэдэг. Энэ хугацаанд стрептомицин, тетрациклин, эритромицин зэрэг олон төрлийн антибиотик нээгдэж, халдварт өвчний эмчилгээнд томоохон өөрчлөлт авчирсан байна.
Нянгууд антибиотикт тэсвэртэй болдог нь ямар учиртай вэ?
Антибиотик хүний бие махбодод биш, харин бактерийн эсрэг үйлчилдэг эм юм. Гэвч нянгууд цаг хугацааны явцад өөрчлөгдөж, зарим антибиотикийн үйлчлэлд тэсвэртэй болох чадвартай. Ингэснээр өмнө нь үр дүнтэй байсан эм тухайн халдварыг эмчлэхэд үйлчлэхээ болих эрсдэл үүсдэг.
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Антибиотикт тэсвэртэй болдог нь хүний бие биш, харин нян юм. Антибиотикийг шаардлагагүй үед хэрэглэх, эмчийн зааваргүйгээр дур мэдэн уух, буруу тунгаар хэрэглэх, вирусийн гаралтай өвчнийг антибиотикоор эмчлэх зэрэг нь тэсвэртэй нянгийн тархалтыг хурдасгадаг.
Тухайлбал, ханиад, томуу зэрэг вирусийн гаралтай өвчний үед антибиотик хэрэглэх нь өвчнийг эдгээхгүй. Харин хүний биед байгаа нянгуудын дунд эмэнд тэсвэртэй хувилбарууд үлдэж, цааш тархах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм.
Нэг өвчтөн тутмын зургаан халдварын нэг нь антибиотикт тэсвэртэй байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2025 онд танилцуулсан судалгаагаар 2023 онд дэлхий даяар лабораторийн шинжилгээгээр батлагдсан нийтлэг бактерийн халдварын зургааны нэг орчим нь антибиотикт тэсвэртэй байжээ.
Мөн 2018-2023 оны хооронд хяналтад байсан нян-эмийн хослолын 40 гаруй хувьд антибиотикт тэсвэртэй байдал нэмэгдсэн байна. ДЭМБ-ын тооцоогоор 2021 онд бактерийн антибиотикт тэсвэртэй байдал дэлхий даяар 4.7 сая гаруй хүний нас баралттай холбоотой байжээ.
Энэ асуудал зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст хамаарахгүй. Мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хөрс, усны бохирдол зэрэг олон хүчин зүйл нянгийн тэсвэржилт үүсэж, тархахад нөлөөлдөг. Тиймээс хүн, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл мэндийг хамтад нь хамгаалах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Антибиотикийн үр нөлөөг хадгалахын тулд бид юу хийх ёстой вэ?
Антибиотикт тэсвэртэй байдлыг бууруулахад зөвхөн эмч, эрдэмтэд бус хүн бүрийн оролцоо чухал.
Антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх.
Ханиад, томуу зэрэг вирусийн халдварын үед дур мэдэн антибиотик уухгүй байх.
Эмчийн заасан тун, хэрэглэх хугацааг мөрдөх.
Үлдсэн антибиотикийг дараагийн өвчлөлийн үед өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх.
Гараа тогтмол угааж, халдвараас урьдчилан сэргийлэх.
Вакцинжуулалтад хамрагдах.
Антибиотик бол хүссэн үедээ хэрэглэж болох энгийн эм биш. Энэ бол олон арван жилийн шинжлэх ухааны судалгаа, нээлтийн үр дүнд бий болсон, хүний амь насыг авардаг чухал эмчилгээний хэрэгсэл юм. Өнөөдөр бид антибиотикийг буруу хэрэглэснээр маргааш өөрсдөдөө хэрэгтэй эмийг үр дүнгүй болгож болзошгүй. Тиймээс антибиотикийн үр нөлөөг хадгалах нь зөвхөн өнөө үеийн бус, ирээдүй хойч үеийн эрүүл мэндийн асуудал юм.
Л.Баяр
























































