Европын кино наадам энэ сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 6-ны хооронд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдана. БНСУ-ын Сөүл хотод амьдардаг кино үзэх дуртай хүмүүст дуулгах сайхан мэдээтэй.
Бүх кино Сөүл хотын Түүхийн музейн Яжүгэ танхимд үнэ төлбөргүй гарах бөгөөд солонгос хадмал орчуулгатай үзүүлэхээр төлөвлөжээ. Үзэгчид урьдчилан бүртгүүлэх боломжтой бөгөөд сул суудал үлдсэн тохиолдолд үзвэр эхлэхээс 10 минутын өмнө газар дээр нь бүртгүүлэн үзэх боломжтой.
Энэ жилийн наадамд Польш, Итали, Швед, Испани, Их Британи, Герман, Франц зэрэг Европын 23 орны 23 кино багтсан нь тус наадмын түүхэн дэх хамгийн олон улсын оролцоотой хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм. Наадмыг Европын Холбооны БНСУ дахь төлөөлөгчийн газар, Сөүл хотын түүхийн музей болон "EUNIC Korea" хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн кино наадмыг “Өнгөрсөн үеийн дурсамж, ирээдүйн төсөөлөл” буюу Memories of Past, Visions of Future уриан дор зохион байгуулна. Кино бүтээлүүдээр дамжуулан түүх, үндэсний онцлог, шилжилт хөдөлгөөн, үе хоорондын харилцаа, жендэр, хүний эрх зэрэг нийгмийн асуудлыг хөндөх ажээ.
Наадмын нээлтийн киногоор Польшийн найруулагч Агнешка Звиефкагийн 2024 онд бүтээсэн “VIKA!” баримтат киног сонгожээ. Уг кинонд Варшав хотод DJ хийдэг 84 настай эмэгтэй Викагийн амьдралыг харуулах бөгөөд насны хязгаарыг үл харгалзан шинэ зүйл туршиж, хүсэл мөрөөдлөө биелүүлж буй түүний түүхийг өгүүлэх юм. Кино үзвэрүүд арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн долоо хоног бүрийн баасан, бямба, ням гарагт нийт есөн өдөр үргэлжилнэ. Энэ жилийн онцлог нь ажил хөдөлмөр эрхэлдэг иргэд, оюутнуудад зориулж оройн үзвэрийн цагийг нэмэгдүүлсэн явдал юм.























































