ЭШЛЭЛ 1
Монгол Улсын 2027 оны улсын төсөв батлагдлаа. Улсын төсөв бол айл өрхийн орлого, ахмадуудын тэтгэвэр, хүүхдийн сургууль, иргэдийн эмчилгээ, бизнес эрхлэгчдийн боломжтой шууд холбоотой шийдвэр юм.
ЭШЛЭЛ 2
Ирэх онд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах, бизнесээ дэмжих, эрчим хүч, зам, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулна.
ЭШЛЭЛ 3
Юуны өмнө, иргэдийнхээ орлого, нийгмийн хамгааллыг сайжруулна. 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс 562 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ.
ЭШЛЭЛ 4
Нийгмийн халамжийг дэмжлэг шаардлагатай иргэддээ чиглүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт, ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж мөн 600 мянган төгрөгт хүргэнэ.
ЭШЛЭЛ 5
Асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 мянган төгрөгт, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг мөн 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 524 мянган төгрөгт хүргэнэ.
ЭШЛЭЛ 6
Бид иргэдийнхээ орлогыг зөвхөн цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээс гадна татварын ачааллыг нь бууруулж хамгаална. Иргэд сарын цалингийнхаа эхний 792 мянган төгрөгт орлогын татвар төлөхгүй. Цаашлаад 2028 оноос 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх цалингийн орлогод нэг хувийн татвар ногдуулна.
ЭШЛЭЛ 7
Дараагийн чухал асуудал бол хүүхдийн боловсрол, иргэдийн эрүүл мэнд. Боловсролын салбарт өмнөх онуудаас хамгийн өндөр буюу 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэнэ.
ЭШЛЭЛ 8
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ингэснээр хүүхдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахаас гадна 6 болон 7 ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулна.
ЭШЛЭЛ 9
Иргэдийнхээ эмчилгээ, эмийн зардлыг бууруулж, эрүүл мэндийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгоно. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 69 төсөлд 264 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Үүний дотор улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжинэ.
ЭШЛЭЛ 10
Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлнө.
ЭШЛЭЛ 11
Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломж бүрдүүлнэ. Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жил чөлөөлнө.
ЭШЛЭЛ 12
Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд бараг 4 их наяд төгрөг зарцуулна. Эдгээрийн 435 нь шинээр эхлэх, 508 нь өмнөх онуудаас үргэлжилж байгаа төсөл юм.
ЭШЛЭЛ 13
Анхаарал хандуулах салбарын нэг бол зам тээвэр, эрчим хүч юм. Зам тээврийн салбарт 136 төсөл хэрэгжүүлж, 910 тэрбум 700 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Авто замын сүлжээг 375 километрээр нэмэгдүүлэх зорилт тавьсан.
ЭШЛЭЛ 14
Эрчим хүчний салбарт 39 томоохон төсөл хэрэгжүүлнэ. Цахилгаан станц, дамжуулах шугамын төслүүдийг урагшлуулж, ТЭЦ-5, ТЭЦ-6 цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хүчин чадлыг үе шаттайгаар 800 мегаваттаар нэмэгдүүлэх зорилт тавьсан.
ЭШЛЭЛ 15
Бид түүхий эдээ зөвхөн экспортлох биш, дотооддоо боловсруулж, илүү үнэ хүргэн борлуулахыг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэр, Баруун бүсийн арьс ширний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг урагшлуулна.
ЭШЛЭЛ 16
Хөрөнгө оруулалтыг мөн ажлын байр, өрхийн орлого, бизнесийн боломж гэж харах хэрэгтэй. Ирэх онд улсын төсөв болон гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын төслүүдэд гурван мянга гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр оролцоно.
ЭШЛЭЛ 17
Орон сууцтай болох хүсэлтэй өрхүүдэд шинэ боломж нээнэ. Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна.
ЭШЛЭЛ 18
Орон нутгийн иргэдэд шийдэх эрх, төсвийн боломжийг нь нэмэгдүүлнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг иргэдийн саналд үндэслэн зарцуулна. Үлдсэн 50 хувийг тухайн орон нутаг өөрийн хамгийн чухал хэрэгцээнд зориулна.
ЭШЛЭЛ 19
Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, бохирдлыг бууруулах ажилд зарцуулах боломж бүрдүүлнэ.
ЭШЛЭЛ 20
Төрийн өмчийн компаниудын хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлнэ. Төрийн өмчит компаниудын удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулж, ажлын үр дүнг нь жил бүр үнэлнэ.
ЭШЛЭЛ 21
2027 оны төсвийн зорилго маш тодорхой. Иргэдийнхээ орлогыг хамгаална. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах боломжийг сайжруулна.
ЭШЛЭЛ 22
Улсын болон орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг нэгтгэн нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 23
Бизнес эрхлэгчдэдээ илүү таатай орчин бүрдүүлнэ. Ирээдүйн өсөлтийн суурь болох эрчим хүч, зам, үйлдвэрлэлд хөрөнгө оруулна.
ЭШЛЭЛ 24
Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлтээс гадна айл өрх бүрийн амьдралд мэдрэгдэх ёстой. Энэ бол 2027 оны улсын төсвөөр бидний хүрэхийг зорьж буй гол үр дүн юм.



















































