
Францын зүүн хэсэгт үйлдвэрлэдэг, 24 сарын турш боловсруулсан "Comté" бяслаг 2026 оны “World Cheese Awards” тэмцээний дэлхийн шилдэг бяслагаар шалгарчээ. Испанийн Кордова хотод арваннэгдүгээр сарын 12-нд болсон тус тэмцээнд дэлхийн 45 орны 5330 төрлийн бяслаг өрсөлдсөн байна.
Тэмцээний эцсийн шатанд Итали, Швейцар, Испанийн шилдэг бяслагуудтай өрсөлдсөн "Comté" нь самрын амттай, үйрэмтгий бүтэцтэй бөгөөд амтны олон давхаргат нарийн онцлогоороо шүүгчдийн анхаарлыг татжээ.
Уг бяслагийг Швейцартай хиллэдэг Францын Франш-Конте бүс нутагт пастержуулаагүй үнээний сүүгээр үйлдвэрлэдэг. “JuraFlore” брэндийн “Fromageries Arnaud” гэр бүлийн үйлдвэр бяслагийг Хаут-Журагийн уулс дахь хуучин цэргийн цайз "Fort des Rousses"-ийн зооринд хоёр жилийн турш боловсруулсан байна. Тус үйлдвэр 1907 онд байгуулагдсан бөгөөд уламжлалт аргаар бяслаг боловсруулдгаараа алдартай.

Шүүгчдийн эцсийн шатанд 14 мэргэжилтэн тус бүр нэг бяслагийг шалгаруулсан бөгөөд Comté, Швейцарын уулын бяслаг болон Францын хонины сүүний бяслаг гурвуулаа 81 оноо авчээ. Ижил оноотой болсон тул хамгийн өндөр болон хамгийн бага үнэлгээг хасаж тооцох журмаар ялагчийг тодруулсан байна. Ингэснээр "Comté" тэргүүлжээ.
Тэмцээний шүүгчид бяслагуудыг амт, үнэр, гадаад төрх, бүтэц болон аманд мэдрэгдэх байдлаар нь үнэлсэн аж. Эхний шатнаас 108 бяслаг “Super Gold” ангилалд шалгарч, тэдгээрээс 14 нь эцсийн шатанд өрсөлджээ.

Шалгарсан бяслагийг нэр дэвшүүлсэн Испанийн шүүгч Рафаэль Домингес Гонзалес түүний амт аманд аажмаар өөрчлөгдөж, самрын амт болон бусад нарийн амтууд давхарлан мэдрэгддэг нь онцгой байсныг онцолсон байна.
Л.Баяр






















































