
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад уулзсаныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Ирландын Дублин хотыг зорьжээ. Энэ үеэр Украины тал цэргийн зориулалттай "Starshield" хиймэл дагуулын холбооны үйлчилгээнд дахин хурдны хязгаарлалт тавигдсаны улмаас Оросын дроны довтолгооноос хамгаалах ажиллагаа хүндрээд байгааг мэдэгдсэн байна.
Уиткофф, Кушнер нар арваннэгдүгээр сарын 12-нд Путинтэй уулзаж, Абу Даби хотод болсон АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээний үр дүн болон дайныг зогсоох боломжуудыг хэлэлцжээ. Уулзалтын дараа Уиткофф гурван талт хэлэлцээг дахин үргэлжлүүлж, дараагийн уулзалтыг товлохоор тохиролцсон гэж мэдэгдсэн байна. Мөн Европын төлөөлөгчдийг дараагийн хэлэлцээнд оролцуулах боломжтойг дурджээ.
Харин Кремлийн зөвлөх Юрий Ушаков Европын орнуудыг хэлэлцээнд оролцуулах асуудалд болгоомжтой байр суурь илэрхийлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский арваннэгдүгээр сарын 12-нд хийсэн мэдэгдэлдээ "Starshield" системийн хурдны хязгаарлалт дахин сэргэсэн бөгөөд энэ нь фронтын шугам даяар Украины цэргийн ажиллагаанд хүндрэл учруулж байгааг онцолжээ. Тус систем нь Илон Маскийн SpaceX компанийн Starlink-тэй төстэй боловч цэргийн зориулалттай холбооны үйлчилгээ юм. Украины арми уг системийг ашиглан дроны ажиллагаа болон цэргийн харилцаа холбоогоо зохицуулдаг.
Зеленскийн мэдээлснээр, хязгаарлалтын улмаас Украины тал Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй дронуудыг агаарт устгахад хүндрэлтэй болжээ. Тэрбээр АНУ-ын талтай нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Харин SpaceX компанийн зүгээс CNN-д өгсөн мэдээлэлдээ үйлчилгээний нөхцөлд ямар нэг өөрчлөлт оруулаагүй гэж мэдэгджээ. Энэ хооронд ОХУ Украины хотуудад пуужин, дроны довтолгоогоо үргэлжлүүлж, Киевт нэг хүн амиа алдсан байна.
Л.Баяр






















































