
ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев өчигдөр, лхагва гарагт 66 насандаа гэнэт нас барсныг ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Түүний нас барсан шалтгааныг эхэндээ албан ёсоор зарлаагүй бөгөөд хожим нь архаг өвчний улмаас Москвад нас барсан гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр, Дарчиев тухайн өдөр Москвад нас баржээ. Тус яам түүнийг “Оросын гадаад бодлогын хамгийн хариуцлагатай чиглэлүүдийн нэгэнд ажиллаж байсан онцгой чадварлаг дипломатч” хэмээн тодорхойлж, гэр бүл, ойр дотнын хүмүүст нь эмгэнэл илэрхийлсэн байна.
Александр Дарчиев 2025 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний томилгоогоор АНУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж эхэлсэн юм. Түүний гол үүрэг нь Дональд Трампын засаг захиргаатай харилцааг сэргээж, хоёр улсын дипломат харилцааг сайжруулахад чиглэж байв.
Тэрбээр дипломат албанд 1992 онд буюу ЗХУ задран унасны дараа орсон бөгөөд Хойд Америкийн асуудлаар мэргэшсэн дипломатч байжээ. Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хойд Америкийн газрын даргаар ажиллаж, 2014-2021 онд Канад улсад суугаа Элчин сайдын албыг хашсан байна. Мөн 2025 оны хоёрдугаар сард Истанбул хотод болсон АНУ, ОХУ-ын дипломат харилцааг сэргээх асуудлаарх хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг ахлан оролцож байжээ.
Дарчиев барууны орнуудын бодлогыг хурцаар шүүмжилдгээрээ танигдсан нэгэн байв. Тухайлбал, 2022 онд ОХУ Украинд өргөн хэмжээний довтолгоо эхлүүлэхэд үүнийг “зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” хэмээн тодорхойлж байсан юм.
Түүний нас барсан мэдээ АНУ, ОХУ-ын харилцааг сэргээх дипломат хүчин чармайлт үргэлжилж буй цаг үед гарч байна. Тухайлбал, Трампын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар арваннэгдүгээр сарын 12-нд Москвад очиж, Путинтэй Украины дайныг зогсоох асуудлаар уулзахаар төлөвлөсөн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам түүнийг дурсах ёслолын талаар мэдээллийг дараа нь танилцуулна гэж мэдэгджээ.
Л.Баяр























































