
Их Британийн цагдаа нар ОХУ-тай холбоотой тагнуулын үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр АНУ-ын армийн 41 настай алба хаагчийг баривчилжээ. Лондон хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, түүнийг арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт Английн Глостер хотын ойролцоо баривчилсан байна. Баривчилгааг Их Британийн терроризмтой тэмцэх цагдаагийн алба АНУ-ын эрх баригчид, цэргийн байгууллага болон Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-той хамтран явуулжээ.
Түүний нэрийг одоогоор олон нийтэд зарлаагүй бөгөөд Лондон хотын цагдаагийн газарт саатуулагдаж байгаа аж. Алба хаагчийг Их Британийн 2023 оны Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн нэгдүгээр болон гуравдугаар хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Тодруулбал, хамгаалагдсан мэдээллийг хууль бусаар олж авах, задруулах болон гадаад улсын тагнуулын байгууллагад тусалсан байж болзошгүй гэж үзжээ.
Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Глостершир мужийн хоёр байршилд нэгжлэг хийсэн байна. НАТО-гийн өндөр албан тушаалтан CNN-д мэдээлэхдээ, баривчлагдсан цэргийн алба хаагч нь Их Британийн удирдлага дор ажилладаг НАТО-гийн Шуурхай хариу арга хэмжээний корпусын штабт томилогдон ажиллаж байсныг баталжээ. АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь хошууч, дэд хурандаа, хурандаа зэрэг дунд болон ахлах офицерын цолтой байж болзошгүй аж. Тэрбээр нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан талаар АНУ-ын Армийн сөрөх тагнуулын командлалын командлагч, бригадын генерал Шон Стинчон мэдэгджээ.
ХМТ-ны захирал Каш Пател уг баривчилгааг АНУ болон холбоотнуудын үндэсний аюулгүй байдалд ноцтой хамааралтай хэрэг хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, улсынхаа аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг ХМТ хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцолжээ. Их Британийн цагдаа нар уг хэргийг тус улсад байрладаг АНУ-ын цэргийн баазуудтай холбоотой өмнөх мөрдөн шалгах ажиллагаануудаас тусдаа гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь есдүгээр сард АНУ-ын цэргийн хүчин ашигладаг RAF Fairford баазын ойролцоо таван хүнийг баривчилж, хоёр Их Британийн иргэнд Ираны талд тусалсан байж болзошгүй үндэслэлээр хэрэг үүсгэсэн юм. Харин аравдугаар сард АНУ-ын цэргийн алба хаагчид байрладаг өөр нэг агаарын цэргийн баазад Латвийн хоёр иргэнийг саатуулсан хэрэг гарчээ. Одоогоор баривчлагдсан америк цэргийн эсрэг албан ёсоор яллах дүгнэлт үйлдээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Л.Баяр























































