
Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 10-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энхийн хэлэлцээг дахин эхлүүллээ. Есөн сарын завсарлагааны дараа дахин эхэлсэн гурван талт хэлэлцээгээр дайныг зогсоох, олзлогдогсод солилцох, Украины аюулгүй байдлын баталгааг хангах асуудлыг хэлэлцэж байна. Гурван улсын оролцсон энэхүү уулзалт нь 2026 оны хоёрдугаар сараас хойш анх удаа болж байгаагаараа онцлог юм. Хэлэлцээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд хоёр дахь өдрөө үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Эхний өдрийн уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф, түүний хүргэн Жаред Кушнер нар АНУ-ын төлөөлөгчдийг ахалжээ. Украины талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид, Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийгээр ахлуулсан баг оролцсон байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэлцээг үр дүнтэй болсон гэж тодорхойлсон бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уулзалтыг бүтээлч, агуулгын хувьд нэлээд ахицтай болсон хэмээн үнэлжээ. Эхний өдрийн хэлэлцээний гол сэдэв нь хүмүүнлэгийн асуудал, ялангуяа олзлогдсон цэргүүдийг солилцох, баривчлагдсан энгийн иргэд болон хүүхдүүдийг буцаах, мөргөлдөөнийг намжаах боломж байв. Мөн Украины дайны дараах аюулгүй байдлын баталгааны асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.

Харин хэлэлцээний хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг нь Украины зүүн хэсэг дэх газар нутгийн маргаан хэвээр байна. Оросын тал Донбассын бүс нутгаас Украины цэргийг гаргах, Украиныг НАТО-д элсэхгүй байх, цэргийн хүчин чадлаа хязгаарлах шаардлага тавьж байгаа юм. Киев эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эзлэгдсэн газар нутгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсээр байна.
Мөн АНУ-ын зуучлалаар хэлэлцэж буй асуудал зөвхөн хоёр улсын дайныг зогсоохоор хязгаарлагдахгүй байна. Европын аюулгүй байдлын ирээдүйн тогтолцоо, дайны дараах бүс нутгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар өргөн хүрээнд ярилцаж байгаа аж.
Европын холбоо, НАТО, Их Британи, Франц, Герман, Италийн төлөөлөгчид мөн Абу Дабид хүрэлцэн ирж, Украин болон АНУ-ын төлөөлөгчидтэй тусдаа уулзалт хийжээ. Харин Оросын тал Европын орнуудтай шууд хэлэлцээ хийх эсэхээ одоогоор тодорхой илэрхийлээгүй байна. Хэдийгээр талууд хэлэлцээг эерэгээр үнэлж байгаа ч газар нутгийн маргаан, Украины аюулгүй байдлын баталгаа зэрэг үндсэн асуудлуудаар тохиролцоонд хүрэхэд ихээхэн хүндрэл байсаар байна. Иймээс энэ удаагийн уулзалт дайныг шууд зогсоох шийдвэрт хүрэхээс илүүтэй цаашдын хэлэлцээний суурийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Л.Баяр






















































