
Оюуны өмчийн газрын дэргэдэх “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл” 2026 оны аравдугаар сарын 26-нд хөгжмийн бүтээл, дуу бичлэг ашиглуулах тарифыг хянан баталгаажууллаа. Тус зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн буюу MOSCAP-ийн хөгжмийн бүтээлийн, 05 дугаар тогтоол нь Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн буюу MCPP-ийн дуу бичлэгийн тарифт хамаарна.
Эдгээр шийдвэр нь тоглолт, арга хэмжээ зохион байгуулагч, караоке эрхлэгч, телевизийн хөгжмийн шоу бүтээгч, онлайн караоке болон стримингийн үйлчилгээ үзүүлэгчдийн төлбөр тооцох нөхцөлийг тодорхойлж байна. Цаад зорилго нь хөгжмийн бүтээлийн хэрэглээг эрх эзэмшигчдийн эдийн засгийн өгөөжтэй холбох юм.
MOSCAP-ийн гүйцэтгэх захирал Д.Баянмөнхийн хэвлэлд тайлбарласнаар тарифыг хэрэглээний төрлөөр үе шаттай баталгаажуулж байгаа аж. Бүх төрлийн хэрэглэгчтэй уулзаж, санал сонсох шаардлагатай учраас эхний ээлжид хөгжмийн бүтээлээс шууд хамааралтай бизнес, үйлчилгээний хэрэглээг хамруулжээ.
Энд хоёр өөр эрхийг ялгах хэрэгтэй. Дууны ая, үг зэрэг хөгжмийн бүтээлийг ашиглах болон тухайн дууны бэлэн бичлэгийг ашиглах нь эрхийн тусдаа давхаргууд юм. MOSCAP-ийн тариф хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхэд, MCPP-ийнх дуу бичлэг буюу фонограммын хамаарах эрхэд хамаарна. Иймээс ашиглаж буй бүтээл, бичлэгээс шалтгаалан нэг хэрэглээнд эрхийн өөр өөр төлбөр үүсэж болно.
Тухайлбал Караокед фонограм бичлэг тоглуулахад:
-Улаанбаатар хотын төвийн караокены өрөө бүрээс сард 30,000 төгрөг,
-Улаанбаатар хотын захын караокены өрөө бүрээс сард 20,000 төгрөг,
-Хөдөө орон нутгийн караокены өрөө бүрээс сард 20,000 төгрөг авахаар тогтоожээ.
Мөн тухайн караоке нь дөрөв хүртэлх өрөөтэй бол дээрх тарифыг баримтална.
Таваас найман өрөөтэй бол дээрх тарифын 10 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.
Ес ба түүнээс дээш өрөөтэй бол дээрх үнийн 20 хувиар хөнгөлөлт үзүүлнэ хэмээн тусгасан байна.
Д.Баянмөнхийн мэдээлснээр караоке, бааруудад ашиглаж буй MOSCAP-ийн 5000 орчим бүтээлийн хэрэглээг бүртгэхийн тулд “тоолууртай караоке” төхөөрөмж ашиглаж эхэлжээ. Солонгосын Kumyoung брэндийн төхөөрөмжид дууны ашиглалтыг бүртгэх тоолуур суурилуулсан Монголын стартап компаниудтай туршилтын журмаар хамтран ажиллаж байгаа аж.
Телевизийн хөгжмийн шоуны хувьд бусдын бүтээлийг өөр уран бүтээлч шинээр дуулж, дуу болон дүрс бичлэг бүтээх буюу ковер хийх хэрэглээг тусгайлан авч үзсэн. Нэг дууны шинэ фонограмм бүтээх хуулбарлах эрхийн төлбөр нэг сая, видео бүтээх синхрон эрхийн төлбөр нэг сая, нийтэд тоглуулах төлбөр 500,000 төгрөг байна. Синхрон эрх нь хөгжмийн бүтээлийг дүрстэй хослуулан ашиглахтай холбоотой.
Зохион байгуулагч тоглолтын хөтөлбөрөө урьдчилан ирүүлж, бүтээлийн бүртгэлтэй тулган, арга хэмжээнээс өмнө лицензийн гэрээ байгуулахаар заажээ. Ингэснээр ямар бүтээл ашиглах, түүнд хэдий хэмжээний төлбөр тооцохыг бэлтгэл ажлын үеэр тодорхойлох боломжтой. Төлбөр төвлөрүүлсэн бодит ганцхан жишээ байгаа нь Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолт аж. Д.Баянмөнхийн мэдээлснээр уг тоглолтыг зохион байгуулсан “Тэлмэн Эмүүжин” продакшн нь MOSCAP-д хөгжмийн бүтээлийг нийтэд тоглуулсны төлбөр төлсөн анхны жишээ болжээ.
Б.Туяамарал

















































