
Түрээсийн төлбөр нэмэгдэж, орон сууц худалдан авах боломжгүй болсноос иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, Испани улс сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа бүх нийтийг хамарсан ажил хаялттай нүүр туллаа. Испани улсад арваннэгдүгээр сарын 11-нд орон сууцны үнийн өсөлт, түрээсийн төлбөрийн дарамт, иргэдийн худалдан авах чадвар буурч байгааг эсэргүүцсэн үндэсний хэмжээний ажил хаялт болж, дөрвөн сая орчим хүн оролцжээ. Энэ нь 2012 оноос хойш тус улсад зохион байгуулагдаж буй анхны бүх нийтийн ажил хаялт бөгөөд ажилчид, түрээслэгчдийн холбоод хамтран зохион байгуулсан байна.
Жагсаалын гол шалтгаан нь Испанид сүүлийн жилүүдэд эрчимжсэн орон сууцны хямрал юм. Орон сууцны үнэ болон түрээсийн төлбөр огцом нэмэгдсэн ч иргэдийн цалин орлогын өсөлт үүнийг гүйцэхгүй байгаагаас залуус бие даан амьдрах, орон сууц түрээслэх, худалдан авах боломжгүй болжээ. Испанийн Залуучуудын зөвлөлийн мэдээлснээр, тус улсын залуу хүн ганцаараа байр түрээслэхийн тулд сарын дундаж цалингийнхаа 98.7 хувийг зарцуулах шаардлагатай байна. Харин улсын хэмжээнд сарын дундаж түрээсийн төлбөр 1,176 евро хүрчээ.
Түүнчлэн Испанийн Төв банкны тооцоолсноор, орон сууцны эрэлт хэрэгцээг хангахын тулд одоогоор 750 мянган шинэ орон сууц шаардлагатай байгаа бөгөөд 2028 он гэхэд энэ тоо нэг саяас давах төлөвтэй байна. Нэгэн өндөр настныг гэрээс нь албадан гаргасан нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөжээ.

Энэ удаагийн жагсаалын гол шалтгаануудын нэг нь Мадрид хотод болсон 87 настай Мария дель Кармен Абаскал буюу Марикармен хэмээх эмэгтэйн хэрэг байв. Тэрбээр амьдралынхаа 70 гаруй жилийг өнгөрүүлсэн орон сууцнаасаа есдүгээр сард түрээсийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас албадан гаргуулжээ. Түүний сарын 500 еврогийн түрээсийн төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон нь өндөр настныг байрнаасаа гарахад хүргэсэн байна.
Энэ явдал Испанийн нийгэмд хүчтэй эсэргүүцэл дагуулж, орон сууцны асуудлаар улс даяар жагсаал цуглаан өрнөхөд хүргэжээ. Жагсагчид түрээсийн үнийг хязгаарлах, эмзэг бүлгийн иргэдийг албадан нүүлгэхийг зогсоох, богино хугацааны аялал жуулчлалын түрээсийг зохицуулах, улсын орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Мадрид хотын эмнэлгийн мэдээллийн технологийн ажилтан, 36 настай Хесус Гонсалес “Би 36 настай ч одоо хүртэл бие даан амьдрах боломжгүй байна. Түрээсийн үнэ ч, орон сууцны үнэ ч тасралтгүй өсөж байгаа учраас байртай болно гэдэг боломжгүй зүйл болжээ” хэмээн ярьжээ. Ажил хаялтад Испанийн хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл болох UGT болон CCOO нэгдсэн байна. Тэдгээрийн мэдээлснээр, боомт болон автомашины үйлдвэрлэлийн салбарт ажил хаялтад оролцсон ажилчдын тоо 90 хувьд хүрчээ. Volkswagen болон SEAT компанийн зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хязгаарлагдаж, олон сургууль, дэлгүүр, байгууллага хаалгаа барьжээ. Мадрид, Барселона хотод олон мянган хүн жагссан бөгөөд цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, улсын хэмжээнд 73-аас доошгүй хүн баривчлагдсан тухай мэдээлжээ. Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн Засгийн газар түрээслэгчдийг хамгаалах, түрээсийн үнийн өсөлтийг хязгаарлах хууль тогтоомж батлуулахыг оролдсон ч парламент дахь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Энэ асуудал улс төрийн томоохон сэдэв болоод байгаа бөгөөд Испани улс арваннэгдүгээр сарын 29-нд ээлжит бус сонгууль явуулахаар товлоод байна. Ийнхүү орон сууцны хямрал зөвхөн эдийн засгийн асуудал бус, улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн гол сэдвүүдийн нэг болжээ.
Л.Баяр























































