
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар арваннэгдүгээр сарын 12-нд Москвад хүрэлцэн ирж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ хийхээр болжээ.
Тэднийг Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев угтан авсан байна. Энэхүү уулзалт нь АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод хоёр өдөр үргэлжилсэн гурван талт хэлэлцээ хийсний дараа болж байна. Тус хэлэлцээ есөн сарын дараа болж буй анхны шууд уулзалт байсан ч дайныг зогсоох талаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Харин талууд дайны олзлогдогсдыг солилцох томоохон тохиролцоонд хүрсэн байна. Жаред Кушнер хэлэлцээний дараа “Хоёр улс тодорхой саналуудаа танилцуулж, дайныг дуусгах гарц хайх талаар нухацтай ярилцсан. Гэхдээ шийдвэрлэх шаардлагатай томоохон зөрчлүүд хэвээр байна” гэж мэдэгджээ.
Энхийн хэлэлцээний хамгийн хүндрэлтэй асуудал нь Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгийн ирээдүй юм. ОХУ тус бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах шаардлага тавьж байгаа бол Украин газар нутгаа шилжүүлэхийг эрс эсэргүүцэж байна. Мөн Украины аюулгүй байдлын баталгаа, НАТО-д элсэх асуудал болон дайны дараах сэргээн босголтын талаар талууд санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа аж.
АНУ-ын төлөөлөгчид Москва дахь уулзалтын дараа Ирландын Дублин хотод очиж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн Вашингтон Европын орнуудыг энхийн хэлэлцээнд шууд оролцуулахыг зорьж байгаа бол Москва энэ саналыг төдийлөн дэмжихгүй байгаа юм. Ийнхүү АНУ-ын зуучлалаар энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа ч дайныг зогсоох үндсэн нөхцөлүүд дээр талууд тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй хэвээр байна.
Л.Баяр





















































