
Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар маргааш буюу Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний өглөө Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовтой мэргэжлийн боксын дэвжээн дэх 16 дахь тулаанаа хийх гэж байна. Тэдний тулаан АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County Coliseum” ордонд орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 13-ны орой болох юм.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Мухаммадхужа Якубов нь мэргэжлийн бокст арвин туршлагатай, супер хөнгөн жингийн тамирчин юм. Тэрбээр 2015 онд мэргэжлийн боксын замналаа эхлүүлсэн бөгөөд одоогоор 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй байна. Ялалтынхаа 12-ыг өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байгуулсан байна.
Якубов 31 настай бөгөөд зүүн гараар тулалддаг. Тэрбээр 2017 онд WBO Youth, WBC Asian Continental, WBC International зэрэг бүсийн болон залуучуудын аваргын бүс эзэмшиж байжээ. Мэргэжлийн замналынхаа эхний жилүүдэд дараалан ялалт байгуулж, 2022 онд тухайн үедээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан Америкийн боксчин О’Шаки Фостертой тулалдан шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсан нь түүний одоогоор бүртгэгдсэн цорын ганц ялагдал юм.
Харин 2025 оны арваннэгдүгээр сард Кристиан Круз Чаконтой тулалдаж, шүүгчдийн зөрүүтэй саналаар тэнцсэн байна. Үүнээс хойш рингэнд гараагүй бөгөөд энэ удаагийн тулаан нь бараг нэг жилийн дараах өрсөлдөөн болох юм.
Э.Цэндбаатар, М.Якубов нарын тулааныг анх 2026 оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар товлосон ч Тажикистаны тамирчин бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас хойшилжээ. Энэ удаа хоёр боксчин 58.97 кг-ын супер хөнгөн жинд 10 раунд тулалдахаар төлөвлөсөн байна.
Ийнхүү мэргэжлийн бокст ялагдалгүй яваа Э.Цэндбаатар өөрөөсөө олон тулааны туршлагатай, 23 ялалт байгуулсан өрсөлдөгчтэй хүч үзэх гэж байна. Манай тамирчны хувьд энэ нь ялагдалгүй цувралаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ чансаагаа ахиулах чухал тулаан юм.
Л.Баяр






















































