
Жүдо бөхийн залуучуудын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд 78 орны 574 залуу жүдоч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 тамирчин эх орноо төлөөлөн хүч сорих юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд өсвөр үеийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, дэлхийн аваргын мөнгөн медальт Ж.Анударь нар багтсан нь онцлох үйл явдал болж байна.
Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүн:
-
60 кг: Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр
-
66 кг: Б.Тэмүүжин
-
73 кг: Ц.Мишигтогоо
-
81 кг: Г.Түвдэнренчин
-
90 кг: А.Оджавхлан, Д.Ууганбилэг
-
-100 кг: У.Мөнгөн-Учрал
-
+100 кг: М.Тэмүүлэн
Эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүн:
-
48 кг: Ж.Анударь, Л.Булган
-
52 кг: Л.Саяжаргал
-
57 кг: Т.Ариунзаяа, Б.Батсувд
-
63 кг: Х.Ариунтунгалаг, Х.Маралмаа
-
-78 кг: Э.Буян-Өлзий
-
+78 кг: Ж.Анар
Монголын багийг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ахалж байгаа бол дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд гавьяат дасгалжуулагч Д.Энхбаатар, Ш.Цэвэлмаа болон олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн, Г.Бат-Эрдэнэ, Ц.Тэнгис нар ажиллаж байна.
Тэмцээний эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Харин 20-нд эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг, 21-нд эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 22-нд холимог багийн барилдаан зохион байгуулагдана. Монголын залуу жүдочид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх хариуцлагатай сорилтын өмнө ирээд байна.
Л.Баяр





















































