
АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотын амьтны хүрээлэнгийн олны танил Фиона нэртэй усны үхэр зочны санамсаргүй унагасан сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын хяналтад оржээ. 2017 онд дутуу төрсөн ч амьд үлдэж, дэлхий даяар алдаршсан есөн настай Фионаг амьтны хүрээлэнгийн малын эмч нар 24 цагийн турш ажиглаж байгаа аж. Тэд түүний залгисан гадны биетийг хоол боловсруулах замаар нь аюулгүй гадагшлуулахын тулд шаардлагатай эмчилгээ, асаргааг хийж байна.
Цинциннатигийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Мишель Кёрлигийн мэдээлснээр, нэгэн зочин малгайгаа агаарт шидэхэд таазны сэнсэнд тээглэж, улмаар сэнсний хүчээр 12 фут өндөртэй үзэгчдийн цонхны дээр байрлах ердөө нэг футын завсраар амьтны хашаа руу оржээ. Фиона уг малгайг залгисан байна.
Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын хэлснээр, энэ нь санаандгүй тохиолдсон осол бөгөөд дахин ийм зүйл болох магадлал тун бага аж. Фионагийн биеийн байдлыг хянаж буй малын эмч нар түүнийг малгайг өөрөө гадагшлуулж, хэвийн байдалдаа эргэн орох боломжтой гэж болгоомжтой найдаж байгаа талаар амьтны хүрээлэн мэдэгджээ.
Амьтны хүрээлэнгийн Майами сангийн байгаль хамгааллын асуудал хариуцсан төлөөлөгч Рон Магилл CNN-д өгсөн ярилцлагадаа гадны биет гэдэсний замд бөглөрөл үүсгэх нь хамгийн том эрсдэл гэдгийг онцолсон байна. Энэ нь гэдэсний гэмтэл, ноцтой халдвар, цаашлаад цусны халдвар үүсгэх аюултай аж.
Фиона 2017 оны нэгдүгээр сард зургаан долоо хоног дутуу төрөхдөө ердөө 29 фунт буюу 13.2 килограмм жинтэй байжээ. Энэ нь усны үхрийн төрөл зүйлийн бүртгэгдсэн хамгийн бага төрөлтийн жингээс ч 25 фунтаар бага үзүүлэлт байв. Тэрээр төрснийхөө дараа бие даан зогсож чадахгүй байсан бөгөөд амьд үлдэхийн төлөөх тэмцэл нь олон улсын анхаарлыг татсан юм.
2022 онд эх Биби нь Фриц нэртэй эр төл гаргаснаар Фиона эгч болжээ. Өдгөө 2400 орчим фунт буюу 1089 килограмм жинтэй тэрээр амьтны хүрээлэнгийн хамгийн их сонирхогчтой амьтдын нэг болсон байна. Фионагийн биеийн байдал бүрэн сайжрах хүртэл түүнийг үзэгчдэд харуулахгүй бөгөөд амьтны хүрээлэн цаашид мэдээлэл өгөхөө мэдэгджээ. Мөн амьтны хүрээлэнгийн зүгээс зочдыг эд зүйлсээ сайтар хамгаалж, амьтдын хашааны ойролцоо анхаарал болгоомжтой байхыг уриалсан байна.
Л.Баяр






















































