
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбогдуулан уг асуудлыг УИХ хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байна. Иймд дараах мэдээллийг хүргэе.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх журмыг тусгайлан зохицуулжээ. Тодруулбал,
- Тус хуулийн 98.1 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасан байна.
- Мөн 98.2-т заасны дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, ил санал хураалт явуулна. Ингэхдээ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн тохиолдолд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцох юм.
- Харин 98.3 дахь хэсэгт Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийг чөлөөлөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлэх эрхтэй байхаар зохицуулжээ.
УИХ-ын нийт 126 гишүүний олонх гэдэг нь 64-өөс доошгүй гишүүний санал шаардлагатай гэсэн үг. Энэ нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх биш, парламентын нийт гишүүний олонхоор шийдвэрлэх босго юм.
Хэрэв Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг шаардлагатай олонх дэмжихгүй бол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батлагдахгүй. Иймд хүсэлт гаргасан төдийд Ерөнхийлөгчийн бүрэн эрх автоматаар дуусгавар болохгүй, УИХ-ын шийдвэр гарах хүртэл хэвээр үргэлжилнэ.
Харин УИХ хүсэлтийг нь хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах үүрэгтэй юм.
Д.Батчулуун






















































