
ОХУ-ын баруун Сибирийн Кемерово мужид цэргийн зориулалттай Ан-12 тээврийн онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан 19 хүн бүгд амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Осол арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагт Кемерово хотын ойролцоох Ягуново тосгоны орчимд болсон байна. Онгоц хүн амьдардаггүй бүсэд унасан бөгөөд ослын дараа гал гарчээ. Аврах багийнхан хэргийн газарт ажиллаж, галыг унтраасан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, ослын урьдчилсан шалтгааныг техникийн гэмтэл гэж үзэж байгаа аж. Одоогоор нисэх хүчний мэргэжилтнүүд ослын шалтгаан, нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Кемерово мужийн захирагч Илья Середюк ослын газраас мэдээлэл хийхдээ аврах болон онцгой байдлын албаныхан ажиллаж байгааг мэдэгджээ. Мөн ОХУ-ын Мөрдөн шалгах хороо нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр хэрэг нээсэн байна.
Ан-12 загварын онгоц нь ЗХУ-ын үед зохион бүтээсэн, дөрвөн хөдөлгүүртэй цэргийн тээврийн зориулалттай нисэх онгоц юм. Анх 1950-иад оны сүүлээр ашиглалтад орсон бөгөөд цэрэг, зэвсэг техник болон бусад ачаа тээвэрлэхэд ашигладаг. Дэлхий даяар 1,000 гаруй ширхэг үйлдвэрлэгдсэнээс зарим нь одоо ч ашиглагдаж байна. Энэхүү ослын улмаас амиа алдсан хүмүүсийн нэрсийг одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна.
Л.Баяр























































