
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр хаалттай горимоор болж, хурлаар үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.
МАН-ын бүлгийн дарга О.Батжаргал хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотой асуудлыг бүлгийн хуралд танилцуулсан талаар мэдэгдэв.
Тэрбээр: “УИХ дахь МАН-ын бүлгийн хурлыг хаалттай горимоор хийлээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ талаар бүлгийн хуралд танилцууллаа.
Энэ бол Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хувь хүний асуудал биш. Энэ бол Монгол төрийн тэргүүний алба, бүрэн эрхтэй холбоотой асуудал. Тиймээс төрөө дээдэлдэг ард түмний хувьд Төрийн тэргүүний ажил, алба ариун байх ёстой. Үүнийг сэвтээж таарахгүй” гэв.
























































