
Британийн жүжигчин Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээхээр болсныг “Amazon MGM Studios” студи даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор зарлалаа. Тэрбээр 2021 онд нээлтээ хийсэн “Үхэх цаг алга” (No Time to Die) киноны дараа дүрээ орхисон Дэниел Крэйгийн орыг залгамжлах юм.
Өдгөө 40 настай Роберт Паттинсон өмнө нь “Харри Поттер ба галын цом” (Harry Potter and the Goblet of Fire), “Бүрэнхий” (Twilight) киноны цувралаар үзэгчдийн танил болсон. Мөн 2022 онд нээлтээ хийсэн “Бэтмен” (The Batman) кинонд гол дүр бүтээж, супер баатрын дүрээр амжилт олсон билээ.
Жүжигчин Роберт Паттинсон энэ тухай мэдэгдэлдээ “Жеймс Бонд бол кино урлагийн хамгийн домогт дүрүүдийн нэг. 007-ын дүрийг бүтээх итгэл хүлээлгэсэн нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг юм. Энэ дүр миний мөрөөдөл байсан гэж хэлэхэд ч багадахаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Харин дараагийн Бондын киног “Dune” киноны найруулагч Денис Вильнёв найруулахаар болсон байна. Тэрбээр Паттинсоныг сонгосон тухайгаа “Бид гайхалтай авьяастай олон жүжигчнээр хүрээлүүлж байсан ч 007-ын дүрийг ганцхан хүн бүтээнэ. Роберт Паттинсон Жеймс Бондын мөнхийн шинж чанарыг хадгалахын зэрэгцээ цоо шинэ өнгө төрхийг авчирна” гэжээ.
Шинэ киноны зохиолыг “Peaky Blinders” цувралын зохиолч Стивен Найт бичиж байгаа бөгөөд продюсероор Эми Паскал, Дэвид Хейман нар ажиллана. Жеймс Бондын дүрийг анх 1962 онд Шон Коннери дэлгэцнээ амилуулж байв. Түүнээс хойш Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан, Дэниел Крэйг зэрэг жүжигчид уг дүрийг бүтээсэн. Ийнхүү Роберт Паттинсон албан ёсны цуврал кинонд Жеймс Бондын дүрийг бүтээх долоо дахь жүжигчин болж байна.
Жеймс Бондын цуврал кино дэлхий даяар нийт 7.8 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд шинэ бүтээл нь “Amazon MGM Studios”-ийн бүтээлч удирдлага дор хийгдэх анхны Бондын кино болох юм.
Л.Баяр





















































