Хэнтий аймгийн 12 сум, 4 тосгоны нутаг дэвсгэрт хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртон ирэх, үзэгдэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн эд хөрөнгө, мал сүрэгт хохирол учруулж байна. Тодруулбал 2026 оны наймдугаар сарын 25-аас эхлэн суурьшлын бүсийн ойролцоо баавгай үзэгдсэн тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 361 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Давхардсан тоогоор 375 толгой хүрэн баавгай бүртгэгдсэн байна.
Баавгай хамгийн олон удаа үзэгдсэн сумдыг дурдвал: Батширээт суманд 89 удаа буюу 90 толгой, Өмнөдэлгэр суманд 79 удаа буюу 81 толгой, Биндэр суманд 55 удаа буюу 56 толгой, Дадал суманд 39 удаа буюу 41 толгой хүрэн баавгай тус тус бүртгэгджээ. Мөн хүрэн баавгай иргэдэд багагүй хэмжээний хохирол учруулсан байна. 2026 оны наймдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 12-ны хооронд бүртгэгдсэн хохирлын мэдээллээр 51 бүл зөгий, 12 гэр, 20 үхэр, 5 адуу, 15 хонь, 26 ямаа, 4 гахай, 1 нохой тус тус өртжээ. Түүнчлэн 0279 дүгээр хилийн цэргийн заставын байрыг эвдэж сүйтгэсэн байна.


























































