
ОХУ-ын тулаанч Сергей Билостенный мэргэжлийн холимог тулааны PFL холбооны хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг хүртлээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 14-нд Дубай хотод болсон PFL Dubai тэмцээний гол тулаанд нутаг нэгт, аваргын бүс эзэмшигч Вадим Немковыг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялсан байна.
Таван үе үргэлжилсэн тулаанд Билостенный 49:46, 48:47, 48:47 гэсэн онооны харьцаагаар ялалт байгуулжээ. Ингэснээр тэрбээр PFL-ийн хүнд жингийн шинэ аварга болж, мэргэжлийн замналынхаа 16 дахь ялалтыг авсан бол Немковын хувьд гурав дахь ялагдал нь болов.
Тулааны эхний үед Немков өрсөлдөгчөө газарт унагаж, боох мэхээр буулгаж авахыг оролдсон ч Билостенный хамгаалалтаа амжилттай хийж чаджээ. Харин дараагийн үеүүдэд Билостенный цохилтын давуу талаа ашиглан өрсөлдөгчдөө илүү их хохирол учруулж, тулааны хэмнэлийг удирдсан байна.
31 настай Билостенный өмнө нь Немковтой нэг багт бэлтгэл хийж байсан бөгөөд энэ удаа аваргын төлөөх тулаанд хуучин хамтрагчтайгаа нүүр тулсан юм.
Вадим Немков нь Bellator холбооны хөнгөн хүнд жингийн аварга болж байсан бөгөөд PFL-ийн хүнд жингийн аваргын бүсийг өмнө нь эзэмшиж байв. Түүний 10 жил үргэлжилсэн ялагдаагүй цуврал энэ тулаанаар өндөрлөжээ. PFL Dubai тэмцээн АНЭУ-ын Дубай хотын Coca-Cola Arena-д болсон бөгөөд нийт 13 тулаан зохион байгуулагдсан байна.
Л.Баяр





























































