
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудаа эх орондоо хийнэ. Энэ удаа Хонконг, Малайз болон Индонезийн шигшээ багуудтай өрсөлдөх бөгөөд шигшээ багийг ШИНЭ ахлах дасгалжуулагч удирдана. Тухайлбал, МСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Эрдэнийн Ариунболд томилогдсон. Тэрбээр Өмнөговийн Хүлэгүүд багийн дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд дотоодын лиг болон олон улсын клубийн тэмцээнүүдэд амжилт гаргасан туршлагатай дасгалжуулагч гэдгийг сагсанбөмбөг сонирхогчид мэдэх биз ээ.
Мөн энэ удаагийн шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд гаднын лигүүдэд тоглож буй NBA-ийн Ж лигийн Орлондо мэжик багийн тоглогч Ш.Энхийн-Од, Японы лигт тоглож буй А.Азбаяр, Х.Оргил, АНУ-ын коллежийн лигт тоглож буй Ч.Маргад нар нэгдэнэ.

Харин тэд энэ удаагийн тоглолтод оролцох эсэх нь олны анхаарал ороод байсан ч Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал "Гадны лигүүдэд тоглож байгаа Ш. Энхийн-Од, А. Азбаяр, Х. Оргил, Ч. Маргад нар шигшээ багтаа тоглоно" гэсэн юм.

Тэднээс гадна монголынхоо лигт тоглож буй Б.Барсболд, Г.Болор-Эрдэнэ, Э.Идэржавхлан, О.Өсөхбаяр, Ч.Тэмүүлэн, Г.Балжинням, С.Биндэръяа, Г.Дөлгөөн, Н.Батбаяр, Г.Одбаяр, Э.Түшиг, М.Өлзий-Орших нарын 17 тамирчинг дуудсан юм. Эдгээр 17 тамирчнаас эцсийн байдлаар 12 тоглогчийг сонгон үндсэн бүрэлдэхүүнийг бүрдүүлнэ.
Ийнхүү аравхан хоногийн дараа Монголын шигшээ баг шинэ дасгалжуулагчийн удирдлага дор Азийн аваргын урьдчилсан шатны дараагийн тоглолтуудад хүч үзэх гэж байна.
Манай багийн өрсөлдөгчид бол Хонконг, Малайз, Индонезийн багууд юм. Тоглолтууд арваннэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд M Bank аренад болно. Монголын шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн, шинэ дасгалжуулагчтай эх орондоо хийх энэ удаагийн тоглолтуудыг сагсан бөмбөг сонирхогчид ийнхүү хүлээж байна.
Д.Батчулуун





























































