
Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт хийсэн ээлжит шууд дамжуулалтынхаа үеэр их хэмжээний авлигын асуудлыг хөндөж, шүгэл үлээлээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнуудыг 10-25 сая ам.долларын авлига авсан, сонгуулийн санхүүжилттэй холбоотой байж болзошгүй ноцтой асуудлуудад холбогдуулан мэдэгдэл хийсэн юм.
Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгээс төрийн тэргүүнээс эхлээд холбогдох албан тушаалтнуудыг бүгдийг нь огцорч, ажлаа өгч, шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Мөн АН-ын бүлгийн 42 гишүүн бүгд гарын үсэг зурж, хянан шалгах түр хороо байгуулах замаар оффтейк бүх гэрээг нээлттэй, ил тод болгохоор мэдэгдэв. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас байр суурийг нь тодрууллаа.
-Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс эхлээд улс төрийн нөлөө бүхий олон хүнийг их хэмжээний авлигын хэрэгт холбогдуулан мэдэгдэл хийлээ. Энэ асуудалд АН ямар байр суурьтай байна вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорч, холбогдож буй гэмт хэргийн асуудлаа шалгуулах ёстой. Б.Энхбаяр сайд ч мөн ажлаа өгөх хэрэгтэй. Х.Нямбаатарыг ямар ч хамаагүй аргаар, ямар үнээр хамаагүй авчирч, гэрчийн мэдүүлгийг нь авах шаардлагатай. Хэрэв тэр хүн өөрөө буруутай бол зохих ялыг нь үүрүүлэх ёстой.
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарыг ч мөн огцруулж байгаад шалгуулах хэрэгтэй гэж шаарддаг атлаа шударга ёсны тухай ярьдаг Ерөнхийлөгч өөрөө булзааруулж, хойш сууж болохгүй. Бүгд албан тушаалаа өгч, шалгуулах ёстой.
-Нэг жил гаруйн өмнө Н.Номтойбаяр сайд дахин “Бодь”-ийн сонсгол хийнэ гээд гарын үсэг цуглуулсан. Тухайн үед 10 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэж байсан. Та гарын үсэг зурсан уу?
Надад тэр гарын үсгийн хуудас ирээгүй. “Бодь”-ийн асуудлыг ч мөн хуулийн өмнө авчрах ёстой. Одоо бол сонсгол хийх нь ч багадахаар байна. Бүгд албан тушаалаа өгч байгаад шалгуулбал шударга ёсонд нийцнэ.
Б.Амундра, Х.Нямбаатар нарыг бүгдийг нь авчирч байгаад шалгуулах хэрэгтэй. Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!! АТГ татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бол ажлаа хийх ёстой. Манай нам энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
Т.Золзаяа





















































