
2026 оны 11 дүгээр сарын 09–12-ны өдрүүдэд Камбож Улсын Сием Рийп хотноо Азийн Батлан даалтын сангуудын холбоо (ACSIC)-ны 34 дэх удаагийн сургалт, хэлэлцүүлэг “Ногоон зээлийн батлан даалтын тогтолцоогоор дамжуулан тогтвортой өсөлтийг дэмжих нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Азийн 14 орны 19 байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцсоноос Монгол Улсын Зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүд оролцов.

Энэ үеэр Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын мэргэжилтэн М.Эрдэнэчимэг “Монгол Улсын зээлийн батлан даалтын тогтолцоо: Ногоон нөлөөлөл” сэдвээр илтгэл тавьж, ногоон зээлийн батлан даалтын бүтээгдэхүүний хэрэгжилт, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй туршлагаа олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд ногоон зээл, тогтвортой санхүүжилтийг дэмжих батлан даалтын механизм, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт, боломжийн талаар харилцан туршлага солилцож, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм.

Энэхүү оролцоо нь Монгол Улсын зээлийн батлан даалтын тогтолцооны туршлагыг олон улсад таниулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой боллоо.
























































