
Архангай аймаг хэзээнээсээ л үндэсний бөхийн ундрага сайтай нутаг. Тийм дээ ч жил болгон шинэ цолтнууд төрж, шинэ залуус хүч түрэн тодордог билээ. Энэ удаад Даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очир, Улсын арслан Довчингийн Лувсанжамц, Цэнджавын Содов нарын төрсөн нутаг Хайрхан сумаас нь Сумын заан Пүрэвжавын Нямжав гэх аралтай, чацтай хүү тодорч байна.
Тэрбээр өнөө цагийн бөхийн манлай, дархан аварга Намсрайжавын Батсуурийг олон түмний нүдэн дээр хоёр барилдаан дараалан өвдөг шороодуулав. Эхнийх нь энэ сарын 10-нд болсон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойн Монгол бахархлын өдрийн барилдааны хоёрын даваа байсан бол удаах нь өнгөрөгч бямба гарагт Эрдэнэт хотод болсон “CuMo” аренагийн нээлтийн барилдааны мөн л хоёрын даваа байлаа. Ингэхийнхээ өмнөхөн тэрбээр энэ сарын 08-нд болсон Гарди Менежмент ХХК-ийн нэрэмжит, аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд найм даван түрүүлж, энэ шатны барилдаанд сумын заан цолтой бөх түрүүлж байгаа амжилтыг 23 жилийн дараа эвдсэн билээ.
Тэрбээр Дархан аварга Н.Батсуурьтай гурван удаа таарч, гурвууланд нь хаяж байв. Дээрх хоёр барилдаанаас гадна 2023 оны арванхоёрдугаар сард болсон “Ургацын баяр”-т зориулсан хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд түүнийг анхлан хаяж байжээ.

Тэрбээр өдгөө 24 настай. “Бөхбилэгт” дэвжээ, “ Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-ын бөх. 2022 оны нэгдүгээр сард Хайрхан сумандаа Сумын заан болж, долдугаар сард нь цолоо баталсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд үзүүрлэжээ. Тэрбээр сумын заануудын ээлжит барилдаанд нэг удаа тав, нэг удаа зургаа, хоёр удаа долоо давж байсан.

2024 онд Архангай аймгийнхаа баяр наадамд гурав даваад, дөрвийн даваанд Аймгийн арслан Л.Жамбалд унасан. Өнөө жил Ардын хувьсгалын 105 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд дөрөв даваад, тавын даваанд Архангай аймгийн начин Б.Оршиход өвдөг шорооджээ. Мөн өнөө жил Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадамд дөрөв давж, тавын даваанд түрүү бөх Аймгийн хурц арслан М.Эрхэмбаярт өвдөг шороодсон байна.

Тэрбээр аймаг, цэрэгт анхны түрүүгээ хүртэхдээ нэгийн даваанд Аймгийн хурц арслан М.Эрхэмбаярыг, хоёрын даваанд Аймгийн хурц арсланг Э.Төгөлдөрийг, гурвын даваанд Аймгийн арслан П.Эрхэмжаргалыг, дөрвийн даваанд Аймгийн хурц арслан Б.Бадралыг, тавын даваанд Аймгийн хурц арслан М.Цэрэнг, зургаагийн даваанд Аймгийн арслан Ж.Хатанзоригтыг, долоогийн даваанд Аймгийн арслан Д.Аззаяаг, наймын даваанд Аймгийн арслан Ч.Алтангэрэлийг тус тус хаяжээ.
Түүний энэхүү түрүү нь нэгэн онцгой түүхийг давтсан билээ. Тодруулбал, одоогийн Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр Сумын начин цолтой байхдаа аймаг, цэргийн цолтны барилдаанд түрүүлж байсан бөгөөд түүнээс хойш 23 жилийн дараа П.Нямжав ийнхүү түүний амжилтыг давтав. Тэрбээр "Алдарын цом" 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүдийн тойргийн барилдаанд түрүүлж байсан.

Л.Баяр






















































