
Украины арми ОХУ-ыг эзлэн түрэмгийлсэн Крымийн хойгтой холбодог Керчийн гүүрэнд пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсний улмаас гүүрний авто замын хэсэг нуржээ. Олон тэрбум ам.долларын өртгөөр баригдсан уг гүүр нь Оросын цэргийн хангамжийн гол зам төдийгүй Ерөнхийлөгч Владимир Путины хувьд улс төрийн бэлгэдлийн чухал байгууламж юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 17-нд болсон цохилтыг хэдэн долоо хоногийн турш бэлтгэсэн, долоон үе шаттай ажиллагааны төгсгөлийн хэсэг хэмээн тодорхойлжээ. Түүний мэдээлснээр Украины арми эхлээд гүүрийг хамгаалж байсан агаарын довтолгооноос хамгаалах систем, радар болон цахим дайны төхөөрөмжүүдийг устгасны дараа үндсэн цохилтоо өгсөн байна.
Украины талын мэдээллээр дотооддоо үйлдвэрлэсэн алсын тусгалт нисгэгчгүй төхөөрөмжүүд авто замын хэсэгт, харин “Нептун” пуужин болон бусад дроныг төмөр замын хэсэгт чиглүүлжээ. Үүний дараа “Фламинго” далавчит пуужингаар эцсийн цохилт өгсөн байна. Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдээлснээр гүүрний авто замын нэг хэсэг болон нуман тулгуур нурж, төмөр замын хэсэг мөн гэмтсэн ч бүрэн нурж унаагүй аж.
ОХУ-ын Крымд томилогдсон захирагч Сергей Аксёнов гүүрээр зорчих автомашины хөдөлгөөнийг зогсоосноо мэдэгдсэн байна. Харин төмөр замын хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосны дараа арваннэгдүгээр сарын 17-ны өдөр сэргээжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гүүрийг сэргээн засварлах боломжтой бөгөөд өмнөхөөсөө ч илүү сайн болгоно хэмээн мэдэгдсэн байна.
Керчийн гүүр нь ОХУ-ын Краснодар хязгаарыг Крымийн хойгтой холбодог, нийт 19 км орчим урт авто болон төмөр замын байгууламж юм. Владимир Путин 2018 онд уг гүүрийг албан ёсоор нээж байсан бөгөөд 2014 онд Крымийг ОХУ-д нэгтгэсний дараа барьсан стратегийн чухал байгууламж билээ.
Украин өмнө нь ч уг гүүрэнд хэд хэдэн удаа халдаж байсан. Тухайлбал, 2022 оны аравдугаар сард ачааны автомашинд нуусан тэсрэх бөмбөгөөр дэлбэлж, 2023 оны долдугаар сард далайн нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолж байв. Керчийн гүүрэнд халдсан ажиллагаатай зэрэгцэн Оросын арми Украины нийслэл Киев хотын Днепр мөрнийг дамнасан Хойд болон Өмнөд гүүрэнд пуужингаар цохилт өгсөн байна.
Киев хотын захирагч Виталий Кличкогийн мэдээлснээр, хоёр гүүр гэмтэж, хөдөлгөөнийг хаасан бөгөөд хотын зарим хэсэгт цахилгаан, усан хангамж тасалджээ. Мөн халдлагын улмаас хүний амь эрсэдсэн талаар Украины тал мэдээлсэн байна. Энэхүү харилцан цохилтууд нь Орос, Украины хоорондын дайныг зогсоох зорилготой АНУ-ын зуучлалтай хэлэлцээ үргэлжлэх боломж яригдаж буй үед болжээ. Украины тал АНУ болон Европын түншүүдтэйгээ цахим уулзалт хийж, дараагийн шатны хэлэлцээний талаар санал солилцсон байна.
Л.Баяр






















































