
Дэлхийн хамгийн их хүлээлт үүсгэсэн видео тоглоомуудын нэг болох “Grand Theft Auto VI” (GTA 6) өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Их Британид албан ёсоор нээлтээ хийлээ. Өмнөх анги болох GTA 5 тоглоом гарснаас хойш 13 жилийн дараа шинэ анги нь тоглогчдын гарт хүрч байна.
Rockstar Games компанийн бүтээсэн уг тоглоом дэлхийн зарим улс орнуудад шөнө дунд худалдаанд гарч эхэлсэн бөгөөд Шинэ Зеландын тоглогчид хамгийн түрүүнд тоглох боломжтой байв. Их Британид арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гаргийн 00:00 цагт тоглоомын түгжээ тайлагджээ.
Их Британийн "Uswitch" байгууллагын судалгаагаар, тус улсын 2.8 сая орчим насанд хүрсэн хүн нээлтийн өдөр GTA 6-г тоглохоор төлөвлөсөн байна. Тэдний зарим нь ажлаасаа чөлөө авсан бол зарим нь тоглоомоо эхлүүлэхийн тулд өвчтэй гэж ажлаасаа зугтахаар төлөвлөжээ. Түүнчлэн тоглоомыг урьдчилан татаж авах үеэр BT болон EE сүлжээнүүдийн дата хэрэглээ огцом нэмэгдсэн байна.

Шинэ ангийн үйл явдал АНУ-ын Флорида мужаас сэдэвлэсэн зохиомол Леонида мужид өрнөх бөгөөд Майами хотоос санаа авсан Вайс-Сити хотод тоглогчид адал явдлаа эхлүүлнэ. Гол дүрүүд нь Люсиа Каминос болон Жейсон Дюваль хэмээх гэмт хэргийн ертөнцөд холбогдсон хос юм.
GTA 6 нь Sony PlayStation 5 болон Microsoft Xbox Series X|S консолуудад зориулан гарч байгаа бөгөөд тоглоомын файлын хэмжээ 212 гигабайтад хүрчээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, тоглоомын үйлдвэрлэлийн зардал нэг тэрбум ам.доллароос давсан байж болзошгүй бөгөөд нээлтийн эхний өдрүүдэд шүүмжлэгчид болон тоглогчдоос өндөр үнэлгээ авч байна.

Түүнчлэн тоглоомыг бүтээгч "Take-Two Interactive" компанийн хувьцаа нээлтийн үеэр найман хувиас илүү өсжээ. Ийнхүү 2013 онд гарсан GTA 5-ын дараагийн анги 13 жилийн хүлээлтийн дараа видео тоглоомын салбарын хамгийн том нээлтүүдийн нэг болж байна.
Л.Баяр




















































