
Өчигдөр "Өмнөговийн Хүлэгүүд" EASL буюу "Зүүн Азийн супер лиг"-ийн хоёр дахь тоглолтдоо дөрвөн онооны зөрүүтэй ялагдал хүлээлээ. "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лиг (EASL)-ийн 2026–2027 оны улирлын хоёр дахь тоглолтоо БНСУ-ын "Goyang Sono Skygunners" багийн эсрэг хийж 95:91-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. EASL-ийн А хэсэгт "Өмнөговийн Хүлэгүүд"-ээс гадна Японы "Alvark Tokyo", БНСУ-ын "Goyang Sono Skygunners", Тайванийн "TSG GhostHawks" багууд өрсөлдөж байгаа аж.
Тус тоглолт арваннэгдүгээр сарын 18-нд БНСУ-ын "Goyang Sono Arena"-д болсон юм. Тоглолтын эхний хагаст Хүлэгүүд 34:63 гэсэн онооны зөрүүтэй дуусгаж , өрсөлдөгч багтаа 29 оноогоор хожигдсон юм. Харин хоёрдугаар хагасаас довтолгоогоо бэхжүүлж гуравдугаар үед 33 оноо, дөрөвдүгээр үед 24 оноо авснаар тоглолтын харьцааг 91:91 болгон тэнцүүлж чадсан ч Э.Ариунболд дасгалжуулагчийн зурсан хувилбар биелэх хангалттай орон зай үүссэн ч шийдвэрлэх мөчид бөмбөг цагаригт унаагүйн улмаас өрсөлдөгч баг 95:91-ийн харьцаатай хожлоо.
Тоглолтын статистикаас харахад "Өмнөговийн Хүлэгүүд"-ийн шинэ тоглогч Jaiden Delaire 25 оноо авч багийнхаа хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн бол Frederick Lish 19 оноо, найман самбар, зургаан оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Мөн Баатар-Эрдэнийн Барсболд долоон оновчтой дамжуулалт өгчээ. Ийнхүү "Өмнөговийн Хүлэгүүд" 2026–2027 оны EASL-ийн хэсгийн шатанд одоогоор хоёр тоглолт хийж хараахан хожил аваагүй байна.
Сагсан бөмбөгийн спортыг дагаад үзэгч хөгжөөн дэмжигчид ч мөн адил маш ихээр олширч байгаа нь энэ тоглолтод ирсэн хөгжөөн дэмжигчдийн тоо болон уухайн дуунаас шууд харагдаж байна. Тэгвэл "Өмнөговийн Хүлэгүүд"-ийн дараагийн тоглолт арванхоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод Японы "Alvark Tokyo" багийн эсрэг товлогджээ. Тэр үед мөн адил хөгжөөн дэмжигчид М Банк аренад олноор ирж Монгол баг тамирчдаа уухайлан дэмжих нь гарцаагүй биз ээ.
Б.Туяамарал























































