
Дэлхийн кино урлагийн салбарын уран бүтээлчдийг нэгтгэсэн "Доха" олон улсын кино наадам өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд Катарын Доха хотод эхэллээ. Арваннэгдүгээр сарын 27-ыг хүртэл үргэлжлэх тус наадамд 60 орны 104 кино бүтээлийг толилуулах юм. Энэ жилийн наадмын онцлог нь нийт 104 бүтээлийн 17 нь дэлхийн нээлт, 48 нь Ойрх Дорнод болон Хойд Африкийн бүсийн нээлтээр үзэгчдэд хүрэхээр төлөвлөгдсөн явдал юм.
Мөн 11 кино нь Доха кино институтийн дэмжлэгтэйгээр бүтээгдсэн бол долоон бүтээлийг эмэгтэй найруулагчид туурвижээ. Наадмын нээлтийн киногоор Йемен-Шотландын найруулагч Сара Исхакийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох “The Station” (Al Mahattah) бүтээлийг сонгосон байна.
Тус кино нь дайны нөхцөлд буй Йемен улсын зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг шатахуун түгээх станцад өрнөх бөгөөд эмэгтэйчүүдийн эв нэгдэл, гэр бүлийн харилцаа, амьдралын төлөөх тэмцлийг харуулах ажээ. Уг бүтээл Каннын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн хөтөлбөрт дэлхийн нээлтээ хийж байсан юм.
Энэ удаагийн наадмын шагналын сан 300 мянган ам.доллароос давж байгаа бөгөөд олон улсын бүрэн хэмжээний кино, богино хэмжээний кино, залуу уран бүтээлчдийн бүтээл болон Катарын үндэсний кино урлагийг дэмжих хэд хэдэн төрөлд шилдгүүдийг тодруулах юм. Мөн наадмын хүрээнд кино үзвэрээс гадна уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, хөгжмийн тоглолт, залуучуудад зориулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
Б.Туяамарал























































