ЭШЛЭЛ 1
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг сахин биелүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, өнө эртний түүхт монгол төрийн эрхэмсэг оршихуй, энх тайванч гадаад бодлогыг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьж ажиллалаа.
ЭШЛЭЛ 2
Төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна.
ЭШЛЭЛ 3
Улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.
ЭШЛЭЛ 4
Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай. Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна.
ЭШЛЭЛ 5
Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, улс орнуудын харилцан итгэлцэл суларч буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын бие даасан, тэнцвэртэй байдлыг хадгалж, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэн, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.
ЭШЛЭЛ 6
Миний бие Монгол Улсыг хандив, тусламж гуйдаг биш, харин харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгодог, гуйж очдог биш, уригдаж айлчилдаг улс болгохыг зорьж ажиллалаа. Энэ бол “дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулах төрийн тэргүүний бодлого байсан юм.
ЭШЛЭЛ 7
Улс эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн тусгаар тогтнолд нэн чухал ач холбогдолтой стратегийн олон бүтээн байгуулалтыг миний бие Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эхлүүлж, бас ашиглалтад оруулсан.
ЭШЛЭЛ 8
Өнгөрсөн хугацаанд хулгайд алдагдсан байгалийн баялаг, үйлдвэр, аж ахуйн газруудаа төр, ард түмэндээ эргүүлэн авчрахын тулд миний бие “Баялагтаа эзэн Монгол”-ын төлөө тууштай тэмцэж ирлээ.
ЭШЛЭЛ 9
Нэг том ажил бол гурван улсын хооронд тавигдаж байгаа хийн хоолойн ажил юм. Ийнхүү байгалийн баялагтаа эзэн болж чадвал олон асуудлыг шийдэж болохыг бид харсан.
ЭШЛЭЛ 10
Ард түмний баялаг болсон Оюу толгойн анхны ногдол ашгийг иргэн бүрийнхээ дансанд ижил тэгш хүртээж, баялагтаа эзэн байх төрийн тэргүүний байр суурийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд дахин сануулж байна.
ЭШЛЭЛ 11
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 150 гаруй сая мод тарьж, ургуулж, хортон шавжтай тэмцсэний үр дүнд тэрбум гаруй модыг устаж үгүй болохоос авран хамгаалж чадлаа.
ЭШЛЭЛ 12
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 1,700 гаруй оюутан дэлхийн 21 улсад боловсрол, мэргэжил эзэмшиж байгаа бөгөөд эхний 150 гаруй оюутан сургуулиа төгсөж ирээд нутаг орондоо ажиллаж байна.
ЭШЛЭЛ 13
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, үндэсний үйлдвэрлэгчид 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо шинээр үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд гаргаж чадлаа.
ЭШЛЭЛ 14
“Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, самнасан ноолуурын экспорт анх удаа тав дахин өсөж, 330 сая ам.долларт хүрлээ.
ЭШЛЭЛ 15
“Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл нуурыг цэвэрлэж хамгаалж, Ганга, Өгий нуурыг ширгэж устахаас сэргийлж, Хэлтгий цагаан нуурыг дахин сэргээгээд байна.
ЭШЛЭЛ 16
Аливаа үндэстэн оюунаар тунгаах ном судар, мэлмийгээр тольдох бахархалт өв, сэтгэлдээ тээх нийтлэг үнэт зүйлтэй байх нь нэгдмэл, цул байхын үндэс суурь болдог.
ЭШЛЭЛ 17
Монгол Улсын Ерөнхийлөгч өглөө босохдоо санаж, орой унтахдаа боддог гурван чухал үнэт зүйл байдаг.
ЭШЛЭЛ 18
Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм.
ЭШЛЭЛ 19
Монголын ард түмний түүхэн сонголт, Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан төр засаг, парламентат ёсоо улам бэхжүүлэх нь төр засаг, улс төрийн нам, эвслийн эрхэм үүрэг, манай ард түмний үнэт зүйл байх учиртай.
ЭШЛЭЛ 20
Монгол төрийн эрхэм түшээд Та бүхэн улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн сахиж, эзэн Чингис хааны билиг сургаалыг даган мөрдөж, ард түмнийхээ эв нэгдлийг сахин бататгаж, эе эвээ хичээн, эх орныхоо хөгжил дэвшил, улс монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэх ёстой.
ЭШЛЭЛ 21
Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хүчин зүтгэхийг уриалж байна.
ЭШЛЭЛ 22
Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгож, төрийн тэргүүнээр ажиллах энэхүү түүхэн цаг хугацаанд ямагт хамтдаа байсан Монголын нийт ард түмэндээ гүн хүндэтгэл үзүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЭШЛЭЛ 23
Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хүчин зүтгэхийг уриалж байна.
ЭШЛЭЛ 24
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.



















































