
Дуучин, жүжигчин Ариана Гранде энэ оныг дэлгэцийн шинэ бүтээлээрээ өндөрлүүлж байна. Тэрбээр Холливудын алдарт жүжигчид Бен Стиллер, Роберт Де Ниро нартай хамтран “Focker In-Law” инээдмийн кинонд тоглож, “Meet the Parents” франчайзын шинэ ангийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
33 настай Ариана Гранде уг кинонд Оливиа Жонс хэмээх дүр бүтээсэн байна. Тэрбээр Генри Фоккер (Skyler Gisondo)-ийн найз бүсгүйн дүрээр гарч ирэх бөгөөд өмнө нь Холбооны мөрдөх товчоонд ажиллаж байсан, өөртөө итгэлтэй, чадварлаг эмэгтэйн дүрийг бүтээжээ.
Киноны үйл явдалд Генри найз бүсгүйгээ гэр бүлийнхэнтэйгээ танилцуулах бөгөөд энэ удаад Бен Стиллерийн бүтээсэн Грег Фоккер өөрийн хүүгийн сонгосон бүсгүйд эргэлзэж эхэлдэг. Харин Роберт Де Нирогийн бүтээсэн өвөө Жек Оливиагаас шууд л таатай сэтгэгдэл авснаар гэр бүлийн дунд хөгжилтэй зөрчил үүснэ.

Киноны зохиолч, найруулагч Жон Хамбург Ариана Грандегийн жүжиглэх ур чадвар, хошин мэдрэмжийг онцолжээ. Түүний хэлснээр, Гранде дүрийнхээ романтик, хөгжилтэй төдийгүй зарим үед айдас төрүүлэм талыг ч чадварлаг гаргаж чадсан байна.
Тэрбээр “Жижигхэн биетэй ч асар их хүч чадалтай” хэмээн жүжигчнийг тодорхойлжээ. Өнгөрсөн есдүгээр сард дэлхий даяарх аялан тоглолтоо дуусгасны дараа Ариана Гранде олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн. Мөн жүжигчин Жонатан Бэйлигийн хамт оролцохоор төлөвлөж байсан мюзиклээсээ татгалзсан нь тухайн бүтээлийн цаашдын төлөвлөгөөнд нөлөөлсөн юм.
Харин “Focker In-Law” кино нь түүний жүжигчний карьерын дараагийн чухал алхам болж байна. Өмнөх “Meet the Parents” (2000), “Meet the Fockers” (2004), “Little Fockers” (2010) кинонууд дэлхий даяар нийт 1.1 тэрбум ам.доллараас давсан орлого олжээ. “Focker In-Law” кино энэ сарын 25-нд буюу АНУ-ын Талархлын баярын өмнөх өдөр кино театруудаар нээлтээ хийнэ.
Л.Баяр


























































