
Грэммийн шагналт дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо гэрлэжээ. Тэд арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагт АНУ-ын Калифорни мужийн Палм-Спрингс хотод хүрээлэл багатай, хувийн хуримын ёслол зохион байгуулсан байна. 33 настай Майли Сайрус болон 28 настай Макс Морандо нарын хуримын тухай мэдээллийг АНУ-ын PEOPLE сэтгүүл олон эх сурвалжаас баталгаажуулжээ. Мөн дуучин бүсгүй хуримынхаа хар, цагаан гэрэл зургуудыг Instagram хуудсандаа нийтэлж, “M+M 🤍 11.21.26” хэмээн бичсэн байна.
Хуримын ёслол Палм-Спрингс дэх усан сангийн дэргэд, цагаан цэцгээр чимэглэсэн нуман байгууламжийн дор болжээ. Майли Сайрус энэ өдөр загвар зохион бүтээгч Энтони Ваккареллогийн урласан, Saint Laurent брэндийн урт ханцуйтай цагаан торгон даашинз өмссөн бол сүйт залуу Макс Морандо мөн тус брэндийн хар хослолоор гоёсон байна. Ёслолд дуучны ээж Тиш Сайрус, эгч дүүсийнх нь нэг Ноа Сайрус, аав Билли Рэй Сайрус болон түүний найз бүсгүй, жүжигчин Элизабет Хёрли нар оролцжээ.

Хосууд 2021 онд найз нөхдийнхөө зохион байгуулсан сохор болзоогоор анх танилцаж, улмаар таван жилийн турш үерхсэн байна. Тэд 2025 онд Японы Киото хотод аялж байх үеэрээ сүй тавьсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэн юм.
Макс Морандо гэрлэх санал тавихдаа аяллынхаа сүүлийн өдөр зочид буудлын ойролцоох нам гүм цэцэрлэгт Майлид гэнэтийн бэлэг барьж, өвдөг сөгдөн бөгжөө өгсөн тухайгаа өмнө нь ярьжээ. Энэ нь Майли Сайрусын хоёр дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь жүжигчин Лиам Хемсворттой 2018 онд гэрлэсэн ч 2019 онд салж, гэрлэлтээ дуусгасан билээ.
Макс Морандо нь Лос-Анжелес хотод төвтэй альтернатив рок урсгалын Liily хамтлагийн бөмбөрчин юм. Сонирхолтой нь, хосууд хурим болохоос ердөө сарын өмнө Холливуд Боулын тайзнаа хамтран “Let's Get Married” дуугаа дуулсан нь ийнхүү бодит амьдрал дээр биеллээ олжээ.
Л.Баяр

























































