
Зул сарын баярын салшгүй хэсэг болсон “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг “Disney” компани бүтээхээр ажиллаж эхэлжээ.
Шинэ бүтээлд анхны хоёр ангид Кевин МакКаллистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Маколэй Калкин эргэн тоглох төлөвтэй байгаа талаар Variety болон The Hollywood Reporter мэдээллээ.
Төслийг “Disney”-ийн харьяа 20th Century Studios хөгжүүлж байгаа бөгөөд инээдмийн киноны зохиолч, продюсер Сет Роген, Эван Голдберг нар зохиолын ажилд оролцож, продюсерээр ажиллахаар болжээ. Тэд “Superbad”, “Pineapple Express”, “Neighbors”, “Sausage Party”, “The Studio” зэрэг бүтээлээрээ үзэгчдэд танигдсан уран бүтээлчид юм.
Шинэ ангийн үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ил болоогүй байна. Харин Маколэй Калкин өмнө нь Кевиний дүрийг насанд хүрсэн хүний өнцгөөс үргэлжлүүлэх санаагаа хуваалцаж байжээ. Түүний санал болгосон хувилбарт Кевин гэр бүлээ өсгөж буй аав болсон байх бөгөөд хүү нь түүнийг гэртээ оруулахгүй, өөрийнх нь багадаа ашигладаг байсан урхи, зангыг ашиглан эсэргүүцдэг үйл явдал багтсан байна. Гэхдээ энэ санаа шинэ киноны албан ёсны зохиол болсон эсэх нь тодорхойгүй байна.
“Гэртээ ганцаараа” киноны эхний ангийг 1990 онд, хоёрдугаар ангийг 1992 онд найруулагч Крис Коламбус бүтээсэн бөгөөд гол дүрд Маколэй Калкин тоглосон юм. Эдгээр хоёр кино дэлхийн кино зах зээлээс нийлээд 836.3 сая ам.долларын орлого олсон түүхтэй.
Шинэ ангийн найруулагч, бусад жүжигчдийн бүрэлдэхүүн, нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн уг төсөл хөгжүүлэлтийн эхний шатанд байгаа бөгөөд “Disney” компани албан ёсны тайлбар өгөөгүй ажээ.




















































