
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ч.Анар, М.Бадамсүрэн нарын 25 гишүүн өнгөрсөн аравдугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төсөлд хаврын морин уралдааныг сэргээх, аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор тусгасан байна. Тодруулбал, хаврын тэргүүн сарын шинийн 15-наас хойш тухайн орон нутгийн цаг агаар, байгаль, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан хурдан морины уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ. Мөн уралдаанд 14-өөс дээш насны хүүхдийг оролцуулах зохицуулалт багтсан байна.
Монгол Улсад өвлийн болон хаврын морин уралдааныг хүүхдээр унуулахыг хориглосон зохицуулалт хэрэгжээд долоон жил болж байна.
Тухайлбал, Засгийн газрын 2018 оны 19 дүгээр тогтоолоор өвлийн улирал болон хаврын тэргүүн сарын шинийн 3-наас 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд бага насны хүүхэд оролцуулахыг хориглосон байдаг. Энэ хугацаанд хаврын уралдааныг сэргээх эсэх асуудал үе үе яригдсан ч хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар маргаан дагуулсаар ирсэн. Харин энэ хугацаанд урд хөрш БНХАУ, тэр дундаа Өвөрмонголд өвлийн морин уралдаан, хурдан морины спортын арга хэмжээ улам бүр хөгжиж, зохион байгуулалттайгаар явагдах болжээ. Үүнийг хуулийн төслийг дэмжигчид монголчуудын уламжлалт морин соёлыг хадгалж, хөгжүүлэх асуудалтай холбон тайлбарлаж байна.
Нөгөө талд хүүхдийн эрхийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл хаврын хүйтэн, цас, мөсний улиралд хүүхдийг морь унуулан уралдуулах нь эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй гэж хуулийн төслийг эсэргүүцэж буй. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх хуулийн төсөл нь долоон жил үргэлжилсэн хоригийг өөрчилж, хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудлыг хөндөж байна. Нэг талд нь монголчуудын уламжлалт өв соёлыг хадгалан хөгжүүлэх асуудал байгаа бол нөгөө талд нь хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах шаардлага тавигдаж байгаа юм.
Д.Батчулуун



















































