
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон даруйдаа мал эмнэлгийн салбарт шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, малын тарилга, үйлчилгээ, МЭЕГ-ын хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэхэд анхаарал хандууллаа. Мөн олон улсын хорио цээртэй мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд дотоодын нөөц боломжоо ашиглан “Биокомбинат” ТӨХХК-д вакцин үйлдвэрлэх асуудлыг бодлогоор дэмжин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хил орчмын бүс нутагт шүлхий өвчин бүртгэгдэх, годрон өвчин зөөвөрлөгдөн орж ирэх зэрэг багагүй сорилттой бид нүүр туллаа. Энэ бүхнийг даван туулахын зэрэгцээ салбарт хэрэгжиж буй гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийг хөрсөнд нь бодитоор буулгаж, санхүүжилтийг үр дүнтэй, зорилтот бүлэгт нь оновчтой зарцуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкаар дамжуулан Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийн хүрээнд “Нэг сум — Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг нийслэл нэг дүүрэг, 16 аймгийн 29 суманд хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон сум бүрд 75 ам метрээс багагүй талбай бүхий мал эмнэлгийн үйлчилгээний төвийн барилгыг шинээр барина. Тус төв нь малын эмч, мэргэжилтнүүдийн өрөө, анхан шатны лаборатори, эмийн сан, вакцины хүйтэн хэлхээний өрөөнөөс бүрдэх юм. Түүнчлэн анхан шатны лабораторийг микроскоп, автоклав, вакцины хөргөгч зэрэг 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, компьютер, тавилгаар иж бүрэн хангахаар тусгаад байна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр сумын мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, малчид оношилгоо, эмчилгээ, вакцинжуулалт, мэргэжлийн зөвлөгөөг нэг дороос авах нөхцөл бүрдэнэ. Мөн вакцины чанар, хадгалалтын горим алдагдахгүй байх, малын гоц халдварт өвчнийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавх бэхжиж, улмаар малын хорогдол болон малчдад учрах эдийн засгийн хохирол буурах ач холбогдолтой юм.



















































