
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу арваннэдүгээр сарын 22-нд Их тэнгэр цогцолборт хуралдсан байна. Энэ хурлын гол хэлэлцсэн асуудал ирэх Ерөнхийлөгчийн сонгууль байжээ. Хурлын үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улстөрч бие даан байр сууриа илэрхийлж буй асуудлыг хөндсөн аж.
Тодруулбал, намын дотоод дүрэм, шийдвэр гаргах зарчмыг баримтлалгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа илэрхийлж, хувийн улс төрийн үйл ажиллагаа явуулж буй 50-иас дээш насны улс төрчдөд хатуу анхааруулга өгсөн байна. Тухайлбал Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг хэт хувийн тоглолт хийж байна хэмээн анхааруулжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд намаас хэнийг нэр дэвшүүлэхийг албан ёсоор шийдээгүй байхад улс төрчид өөрсдийгөө нэр дэвшигч мэтээр олон нийтэд танилцуулж байгаа нь намын нэгдмэл байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. Иймд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аливаа улс төрийн үйл ажиллагаанд намын дүрэм, эрх бүхий байгууллагын шийдвэрийг баримтлах шаардлагатайг хатуу сануулжээ.
А.Сүх

























































