
Өвлийн улиралд айл өрхүүдийн хийх томоохон худалдан авалтын нэг бол өвлийн идшээ бэлтгэх байдаг. Гэвч махны үнэ, өрхийн амьжиргааны зардал нэмэгдэж буй энэ үед иргэд бүтэн үхэр, адуу худалдан авахаас илүүтэйгээр санхүүгийн боломждоо тааруулан килограммаар болон тал махаар худалдан авах нь түгээмэл болжээ. Энэ жилийн “Өвлийн идэш 2026” үзэсгэлэн худалдаагаар ч иргэд махны үнэ, чанарыг харьцуулан сонгож, өвлийн хүнсээ базааж байлаа. Харин малчид, худалдаа эрхлэгчид орон нутгаас авчирсан мах, цагаан идээгээ хэрэглэгчдэд шууд борлуулж байв.
“Өвлийн идэш 2026” үзэсгэлэн худалдаагаар адууны мах килограмм нь 16,000 төгрөг, үхрийн мах 24,500–25,000 төгрөг, хонины мах 18,000 төгрөг, ямааны мах 15,000 төгрөгийн үнэтэй байв.
Г.Гантүвшин: Адууны махыг килограммыг нь 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн худалдан авалт төдийлөн сайн биш байна. Махаа ченжүүдэд нийлүүлэхээс илүүтэйгээр өөрөө жижиглэн худалдаалах нь ашигтай, бас амар байна.

Б. Өлзийтулга: Мал таргалахаа больсон юм уу, хоёр хуруу зузаан өөхтэй хавирга хайгаад ч олсонгүй. Хөвсгөлөөс ирсэн үхрийн өөхтэй махыг кг-ыг нь 23 мянган төгрөгөөр авлаа. Бүтэн үхэр авах боломжгүй, мөнгөний боломжоосоо шалтгаалаад тал үхэр, тал адууны мах авч, идшээ бэлдлээ. Энэ жил идшиндээ 4-5 сая төгрөг зарцуулж байна.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын худалдаа эрхлэгч Б. Болортуяа: Завгүй хотын иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор үхэр, хонины махыг 10 гаруй төрлөөр ангилан бэлтгэж байна. Говийн мах амттай гэж хүмүүс их ам сайтай байгаа. Нэг хонины махыг 10 гаруй нэр төрлөөр ангилан бэлтгэж, 500 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Махны худалдаанаас гадна орон нутгийн малчид цагаан идээ, уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээ ч үзэсгэлэнд дэлгэн, хэрэглэгчдэд санал болгож байлаа. Тэдний нэг нь Архангай аймгийн Цахир сумын малчин Н.Баяннэмэх бөгөөд нутгийнхаа цэвэр, органик бүтээгдэхүүнийг авчирч борлуулжээ.
Тэрбээр: "Шар тосоо килограммыг нь 60 мянган төгрөгөөр борлуулж дуусгалаа. Манай нутгийн онцлог бол цэвэр, органик бүтээгдэхүүн. Хураасан өрөм 45 мянган төгрөг, ааруул мөн адил 45 мянган төгрөг, тавгийн идээгээ 480 мянгаар зарж байна" хэмээв.
Ийнхүү “Өвлийн идэш 2026” үзэсгэлэн малчид, үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ шууд борлуулах, иргэдэд өвлийн хүнсээ сонгон худалдан авах боломж олголоо. Харин зээлийн аппликейшнээр идшээ худалдан авах боломжийг энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог хэмээн зарласан ч бодит худалдаанд хэрэгжээгүй байна.
Т.Золзаяа





















































