
Монгол Улсын шигшээ багийн ахлагч, мэргэжлийн сагсан бөмбөгчин Шаравжамцын Энхийн-Од Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо. Тэрбээр 24 настай бөгөөд Монголын эрэгтэй сагсан бөмбөгчдөөс хамгийн залуудаа энэхүү эрхэм цолыг хүртэж буй тамирчин болох гэж байна.
Ш.Энхийн-Од 2002 оны наймдугаар сарын 27-нд АНУ-ын Аризона мужийн Финикс хотод төрсөн. Түүний аав нь Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин, олны дунд “Өндөр” Шараваа хэмээн алдаршсан Ц.Шаравжамц юм.
Ц.Шаравжамц 2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэнээр Монголын сагсан бөмбөгийн спортоос төрсөн анхны гавьяат тамирчин болж байв. Тэрбээр 1991 оноос сагсан бөмбөгөөр хичээллэж, Монголын шигшээ багт 20 жил зүтгэсэн бөгөөд АНУ-ын алдарт “Harlem Globetrotters” багт тоглосон Азийн анхны тамирчин гэдгээрээ онцлог. Ийнхүү аав, хүү хоёр хоёулаа Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн сагсан бөмбөгийн спортын ховорхон гэр бүлийн нэг болж байна.

Ш.Энхийн-Од Монголын сагсан бөмбөгийн түүхэнд олон шинэ амжилтын эзэн болсон. Тэрбээр АНУ-ын NCAA-гийн нэгдүгээр дивизионд тоглосон анхны монгол тамирчин бөгөөд NBA-ийн багтай гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгч юм. Одоогоор NBA-ийн хөгжлийн лигийн “Osceola Magic” багт хүчин зүтгэж байна.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд 3х3 төрлийн эмэгтэй шигшээ багийн тамирчид мөн түүхэн амжилт үзүүлж, гавьяат тамирчин цол хүртэж байв. 2025 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар долдугаар сарын 2-нд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Эдгээр тамирчин нь Монголын сагсан бөмбөгийн спортоос төрсөн анхны эмэгтэй гавьяат тамирчид болсон. Тэдний дундаас 2007 онд төрсөн Н.Нандинхүсэл 18 насандаа гавьяат болж, эмэгтэй тамирчдын дундах хамгийн залуу гавьяат тамирчин болсон билээ. Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн түүхэнд аав, хүү хоёрын амжилт үргэлжилж, эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн тамирчид олон улсын тавцанд гаргасан амжилтаараа төрийн дээд цол хүртсэн түүхэн үйл явдлууд ар араасаа нэмэгдэж байна.
Л.Баяр
























































