
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга, Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Украин болон НАТО-гийн орнууд Оросын цөмийн зэвсэг хэрэглэх боломжтой нөхцөлийг аль хэдийн бүрдүүлсэн гэж мэдэгдэж, барууны орнуудад анхааруулга өгчээ.
Тэрбээр энэ тухайгаа арваннэгдүгээр сарын 23-нд Москвагийн Олон улсын эрх зүйн сэтгүүлд нийтлүүлсэн “Төрийн бүрэн эрхт байдал ба цөмийн зэвсэг: Үндэсний аюулгүй байдлыг хангах олон улсын эрх зүйн асуудлууд” хэмээх өгүүлэлдээ дурдсан байна.
Медведевийн үзэж буйгаар, Оросын эсрэг сүйрэл дагуулах хэмжээний ердийн зэвсгийн томоохон дайралт хийх, эсвэл барууны орнууд Украинд цөмийн зэвсгийг нууцаар нийлүүлэх нь Москваг урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөхөд хүргэж болзошгүй аж.
Тэрбээр “Украин болон түүний холбоотнууд ОХУ цөмийн цохилт өгөх боломжийг авч үзэх нөхцөл байдлыг бий болгосон” хэмээн бичжээ. Мөн Орос улс тодорхой нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэх эрхтэй төдийгүй үүрэгтэй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Медведев Орос улс одоогийн байдлаар Украин дахь дайны явцад цөмийн зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага үүсээгүй гэж мөн онцолжээ. Түүний хэлснээр, ийм шийдвэр гаргахын өмнө Ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдлыг бүх талаас нь үнэлж, Орост учирсан бодит хохирол болон авах хариу арга хэмжээний харьцааг тооцох юм байна.
Түүнчлэн тэрбээр Германы болон НАТО-гийн цөмийн тогтоон барих бодлогыг шүүмжилж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай олон улсын гэрээг барууны орнууд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлаж байна гэж буруутгажээ.
Энэхүү мэдэгдэл нь Орос, Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж, барууны орнууд Киевт үзүүлэх цэргийн дэмжлэгээ үргэлжлүүлж буй үед гарч байгаагаараа анхаарал татаж байна. Харин Медведевийн мэдэгдэл нь Оросын албан ёсны цөмийн бодлоготой бүрэн адил зүйл биш юм. Тухайлбал, Оросын 2024 онд шинэчилсэн цөмийн номлолд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтой нөхцөлүүдийг өргөжүүлсэн боловч урьдчилан сэргийлэх цохилтыг шууд зөвшөөрсөн заалт тусгаагүй байна.
Л.Баяр



















































