
Хотын дарга асан Х.Нямбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг “Бодь интернэшнл”-тэй холбоотой 110 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдуулан, “Одоогийн ЗГХЭГ-ын дарга холбоотой, Б.Энхбаяр 10 сая ам.доллар авсан” гэх ноцтой мэдэгдэл хийсэн. Уг асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр ч холбогдон яригдсаны дараа Б.Энхбаяр өөрийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Төрийн тэргүүн ажлаа өгч шалгуулна гэж байхад би ч гэсэн тэгнэ” хэмээн мэдэгдэж, өргөдлөө өгсөн бөгөөд хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэсэн билээ. Харин түүний оронд хэнийг томилох асуудал улс төрийн хүрээнд анхаарал татсан үйл явдал болов.
Б.Энхбаярыг ажлаа өгсний маргааш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох тогтоол гаргасан. Уг нь Үндсэн хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй.
Гэвч түүний томилгоо одоогоор бүрэн шийдэгдээгүй байна. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нэр дэвшүүлсэн асуудлыг танилцуулж амжаагүй. Түүнчлэн Засгийн газрын танхимд багтаж ажиллах сайд нарын зүгээс ч Б.Бат-Эрдэнийг дэмжихгүй байгаа гэх байр суурь илэрхийлэгдсэн гэх мэдээлэл байна. Тэдний зарим нь ЗГХЭГ-ын дарга бол Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн уялдаа холбоог зангидах онцгой чухал албан тушаал учраас Б.Бат-Эрдэнийг энэ ажилд тохирох эсэхэд эргэлзэж буй аж.


















































