
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.27/ Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, С.Лүндэг нараас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.
Судалгаанаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс ихээр үүссэн тул үүнийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан тул үүнтэй уг төслийг уялдуулах, улмаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын агаарын температур 6.6 хэм хүртэл нэмэгдэх нөхцөл байдал үүсэж байгаа тул байгаль дэлхийгээ хамгаалах асуудалд хүний оролцоог зайлшгүй тусгах шаардлагатай болсон гэдгийг төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас уг хуулийг 1994 онд баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 17 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Иймд хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа холбогдох тооцоо судалгаа, иргэдийн шаардлага, зөвлөмж, Улсын Их Хурлын гишүүдийн болон Засгийн газрын саналыг бүрэн тусгасан гэдгийг тодотгов.
Өнгөрсөн хугацаанд олсон ололт, алдаа, сургамжид тулгуурлан олон улсын хөгжлийн түгээмэл чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах, Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгийн агуулгад нийцүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг нэгтгэх байдлаар шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ, дотоод бүс, дэглэм, орон нутгийн иргэдийн эрх, эл бүс нутагт газар ашиглуулах, аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн төсөв, санхүүжилт зэрэг агуулгад чиглүүлэн, зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан аж. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч буй малчин өрхөд зөвшөөрөгдсөн бүсэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар ашиглах тусгай зөвшөөрөл олгох, ахуйн зориулалтаар байгалийн нөөц, ойн дагалт баялгийг ашиглах, хадлан авах, ахуйн хэрэглээний мод авах зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар ашиглах тусгай зөвшөөрлөө гэр бүлийн нэг гишүүндээ шилжүүлэх, улмаар энэхүү газарт гэр, сууц, хашаа хороо, агуулах, пүнз барих, тусгай зөвшөөрөл бүхий малчин өрх ойр орчмын бэлчээрийг даацад нь тохируулан гэрээгээр ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, дотоод болон орчны бүсийн дэглэмээс шалтгаалан зөвшөөрөгдсөн бүсэд орон нутгийн иргэдэд ахуйн зориулалтаар түлээний болон хашаа хороогоо сэлбэх мод бэлтгэх, ойн дагалт баялаг, элбэг ургамал, ус, рашаан, эрдсийг хуульд заасан шаардлага, тогтоосон нөөцөд нийцүүлэн ашиглах боломж бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах зориулалт, нөхцөл, хугацаа, хэмжээ, газар ашиглагчийн үүрэг, хориглох үйл ажиллагаа, газар чөлөөлөх, хамгаалалтын зорилго, дэглэмтэй уялдуулан тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг тусгасан аж.

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг дэмжихийн зэрэгцээ тус үйл ажиллагаанд тавигдах тодорхой шаардлагыг хуульчилж, экологийн даац, судалгаа, шинжилгээ болон менежментийн төлөвлөгөөнд суурилсан тогтвортой аялал жуулчлал хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.




















































