
Их Британийн Ажил, тэтгэврийн асуудал эрхэлсэн яам кибер халдлагатай холбоотой ноцтой зөрчил илрүүлсний дараа зарим цахим үйлчилгээгээ урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоожээ. Харин иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн тогтмол олголтод нөлөөлөхгүй гэдгийг эрх баригчид мэдэгдсэн байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гаргийн орой тус яамны мэдээллийн системд кибер халдлагатай холбоотой сэжигтэй үйл ажиллагаа илэрсэн бөгөөд маргааш өглөө нь зарим үйлчилгээг түр хаах шийдвэр гаргажээ.
Үүний улмаас иргэд Universal Credit буюу бага орлоготой болон ажилгүй иргэдэд олгодог санхүүгийн дэмжлэгийн системд нэвтрэх, шинээр хүсэлт гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах хүсэлт илгээх, улсын тэтгэврийн мэдээллээ шалгах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжгүй болсон байна. Мөн ажил хайх цахим үйлчилгээ доголдсон талаар мэдээлжээ.
Их Британийн Ажил, тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Пэт Макфадден уг үйл явдлыг “ноцтой кибер зөрчил” хэмээн тодорхойлсон байна. Түүний хэлснээр, эрх баригчид иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор системүүдийг түр салгах зөв шийдвэр гаргажээ. Мөн одоогоор иргэдийн хувийн мэдээлэл алдагдсан гэх нотолгоо байхгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийн тогтмол олголт хэвийн үргэлжилж байгааг онцолсон байна.
Тус яам Үндэсний кибер аюулгүй байдлын төв болон Засгийн газрын Кибер зохицуулалтын төвтэй хамтран шалтгааныг тогтоох, үйлчилгээг сэргээхээр ажиллаж байгаа аж. Гэхдээ цахим системүүдийг хэзээ бүрэн хэвийн ажиллагаанд оруулах талаар тодорхой хугацаа зарлаагүй байна.
Үүнтэй зэрэгцэн эрх баригчид иргэдийг цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулжээ. Учир нь үйлчилгээний доголдлыг ашиглан хуурамч мессеж илгээж, банкны мэдээлэл болон хувийн мэдээллийг нь авах оролдлого гарч болзошгүй юм. Тус яам иргэдээс мессеж болон цахим шуудангаар банкны мэдээлэл шаарддаггүй гэдгээ сануулсан байна. Сүүлийн жилүүдэд Их Британийн төрийн байгууллагууд болон томоохон компаниуд кибер халдлагад өртөх тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаагийн үйл явдал төрийн цахим үйлчилгээний аюулгүй байдал, мэдээллийн системийн найдвартай ажиллагааны асуудлыг дахин хөндлөө.





















































