Хэний тухай өгүүлэх гэж буйг зөнгөөрөө таах эрхэм олон байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Монголд цор ганц гэж хэлж болох мэргэжлийг эзэмшсэн тэрбээр мөн л Монголын цор ганц” Сүхбаатар” хөлөг онгоцны ахмад. Цэнхэртэн алсрах Хөвсгөл далайн мандлаар түүний хөлөг онгоц яндангаа дуугарган уухилах нь сүртэй чиг, сүрдмээр чиг.
Далайд 38 жил амьдарсан ахмад
Түүний тухай ийн хэлэхэд буруудах зүйлгүй. Бадамдорж гуай хавар мөс гэсүүт хөлөг онгоцон дээрээ нүүн ирж хаваржиж зусаад намар орой гэрийнхээ барааг хардаг учраас тэр. Их далайн мандал дээгүүр 38 жил хөвж яваагаа мань эр бурхнаас хайрласан хувь хишиг гэж боддог юм билээ. Үнэндээ тэр аварга хөлөг онгоцыг жолоодох бус багт нь орж ажиллах нь түүний чин хүсэл байсан гэнэ. Харин өдгөө хүсэл мөрөөдлийнхөө жимээр хөвгүүдээ дагуулан Бадамдорж гэх хувь хүний түүхийг бичин хөвж явна. Хөлөг онгоцны ахмад 1959 оны намрын дунд сард Ханх суманд төржээ. Түүний эцэг Лувсанцэрэн нь Ханхын Зөөлөн хүрээнд шавилж байгаад хожим хар болсон нэгэн. Гэвч хүү эцгийгээ бүүр түүрхэн мэдэх төдий өсчээ. Ямартай ч уншлага ном сайтай, нутаг хошуундаа бичиг үсэгт тайлагдсан тухайн үеийн сэхээтэн байсныг нь өдгөө нэхэн дурсах. Харин хүү айлын ууган хүүгийн хувьд хоёр талын хөгшчүүлд эрхлэн өсч. Эр бие өсөхийн цагт эцгийн голомтыг авч явах учиртайн эрхээр наймдугаар анги дүүргээд л Ханхын хөвгүүдийн нэгэн адил усан замд ажилд оров. Тэгээд цэргийн албанд татагдан зүүн хязгаарт, Сүхбаатар аймгийн Баруун –Урт хотод алба хаалаа. Нутагтаа эргэж ирээд “Матрос” гэх жижиг онгоцонд усан цэрэг, галчаар ажиллах болсон байна. Галч нь хэдийгээр усан онгоцны доод хэсэгт нүүрс түлээтэй холилдсон хүнд ажил хэдий ч хөлөг онгоц түүний хүчээр далайд хөвж буй гэж бодохоор ядарсанаа мартана. Бас өөрөөрөө бахархах сэтгэл төрнө.
Хааяахан хөө тортог болсон амьтан онгоцны тавцан дээр гарч ирэхэд зорчигчид түүнийг шоолохоосоо илүүтэй өхөөрдөх нь бий. Нөгөөтэйгүүр, баруун аймгийнхны амьдрал усан замын ажил байдлаас хамааралтай учраас усан цэргүүд ажлаар тасрах тухай ойлгот байхгүй. Тэр хэрээр ахуй хангамж сайн байсан нь дамжиггүй. Бадамдорж ахмадын өөрийнх нь хэлсэн үг. Ингэж байтал БНМАУ шинэ хөлөг онгоц худалдаж авах нь тэр. Тэр бол 1985 он. Галладаг онгоцтой зүйрлэхийн аргагүй гоё. Бүрэн механикжсан. Усан цэрэг бүхний мөрөөдөл тэрхүү онгоцон дээр ажиллах явдал. Бадамдорж хүүд аз тохион шинэ онгоцны механикч, залуурчнаар ажиллах эрх олдох нь тэр. Тэрбээр 1997 он хүртэл залуучнаар ажиллаж байгаад 2001 оноос ахмадын туслах улмаар тушаал дэвшин ахмад болов. Ингээд түүнтэй далайн мандал дээр хууч хөөрснөө хүргэе.
Мэргэжлийн биш мэргэшсэн ахмад
“Сүхбаатар” хөлөг онгоцны ахмад ийн хэлээд тэрүүхэндээ мушийна билээ. Олон жил далайд аялж, галч, залуурчин, ахмадын туслахаар ажилласан мөртөө бие даахын цагт Ч.Бат, н.Бямбасүрэн, н. Пүрэвдорж нарын мундагчуудаас юу ч сураагүй, зүгээр л тэдэнд эрхэлж явснаа ойлгож. Өөрийнх нь хэлснээр. “Сүхбаатар” хөлөг онгоцны ахмадаар томилогдоод удаагүй байхдаа далайн голд байх уулын орой мордчихсон гэнэ. Ядах нь ээ, салхи байхгүй, далай мэлэрч хөхрөөд тогтуун гэдэг нь жигтэйхэн. Тэр үед өнөөгийнх шиг утсан холбоо гэж байсангүй. Хөлөг онгоцны хоёр талаар харахад ус ногоорч харлаад гүнзгий нь илт. Тэгсэн мөртөө онгоц хөдөлдөггүй. Аргаа баран яах ч учраа олохгүй тэвдэж байтал Хатгалд шатахуун буулгачихаад буцаж явсан онгоц таарах нь тэр. Онгоц эвдэрч сүйд болох вий гэхээс илүүтэй Октябрийн баярын амралтаар далай үзэж явсан оюутнуудаас осолдож эндчихвэл яана гэхээс ухаанаа гартлаа айж байлаа хэмээв.
-Монголчууд гадаадыг бус дотоод аяллыг нэлээд сонирхох болж. Энэ нь танд мэдрэгдэж байна уу?
- Монгол Улс зах зээлд шилжин, усан тээвэр зогссон тэр үед “Сүхбаатар” хөлөг онгоц хэнд ч хэрэггүй болсон мэт зогсоол дээр зэвэгд идэгдэн хэдэн жил “хэвтсэн”. Миний хувьд ахмад бус цалингүй манаач болж хувирсан. Хэд хоноод л онгоцоо эргэж тойрно. Тэр тоолонд элэг эмтэрч, байж суух газраа олж ядна. Дээр нь эхнэр хүүхдээ тэжээх нь эр хүний үүрэг. Хоёр том нь оюутан болсныг хэлэх үү. Тэгээд л нэг өглөө зориг гарган хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө халааслан наймаа эрхлэхээр нийслэлийг зорьсон. Хөвсгөл-Улаанбаатар-Хатгалын хооронд хэсэг гүйв. Олз омог ч дажгүй. Гэвч дотоод сэтгэлийг минь цонх хаалгыг нь модоор даруулж хадсан “Сүхбаатар” хөлөг даллан дуудаад болдоггүй. Гэтэл аз түшиж, Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн дөрвөн оюутан “Сүхбаатар” хөлөг онгоцыг ажиллуулъя гээд хүрээд ирдэг байгаа. Харин тэдний халаас миний ижил хоосон. Өөрөөр хэлбэл, санаанаас цаашгүй. Тэгээд “ Оюутнууд зориг гаргаад ирж байхад Бадамдорж чи яагаад зориглож болдоггүй юм “гэж шийдээд нутгийн хүний нэр нүүрээр Хатгалын банкаас зээл авлаа. Зөвхөн түлш авах л гэж. “Хөлөг онгоц маань ачаа тээврийн зориулалттай учраас машин шиг ашиг олоогүй ч хоосонгүй. Ямартай ч зээлээ төлж, гар дээрээ таван сая төгрөгтэй үлдлээ. Тэр мөнгөө хав дарж хадгалсаар хавартай золгов. Энэ мэтээр жил сарыг аргацааж байтал “Номин холдинг” хувьчилж авснаар эмээх зүйлгүй, сэтгэл тайван ажиллах нөхцөл бүрдсэн. Энд би юуг онцолж хэлэхийг хүсч байна вэ гэвэл зах зээл чинь өөрийн гэсэн бие даасан хуультай байдаг юм байна, Тэр нь менежмент. Нөгөөтэйгүүр, бидний үйл ажиллагаа улирлын чанартай. Тиймээс зуны хэдхэн сарыг үр бүтээлтэй өнгөрөөх явдал. Сүүлийн жилүүдэд гадаадын гэхээс илүүтэй дотоодын жуулчид далай ижийг зорих болж. Оргил ачааллын үе нь долдугаар сарын 6-15 өдрүүд. Эхний ээлжийн онгоц өглөөний долоон цагт хөдөлж, шөнө 02 цагт аялал өндөрлөх жишээтэй. Эхнэр хүүхэд, ар гэрээ мартах ч энүүхэнд. Манай компани дотоодын аяллыг хөгжүүлэх тухайд маш их анхаарч, жуулчдын ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж байгаа нь сайн хэрэг шүү.
- Галт тэргэнд, онгоцонд хүүхэд мэндэллээ гэж сонсогддог. Усан онгоцонд ийм тохиолдол бий юү?
- Байлгүй яахав. Ууган хүү Ганхөлөг 1970-аад оны үед мэндэлсэн гэнэ билээ. Би тэр үед хүүхэд байсан учраас энэ талаар сайн мэдэхгүй. Харин удаахь нь 2008 онд Ханхад мэндэлсэн. Охинд ерөөл буяныг бэлэгшээж Номиндалай гэдэг нэр хайрласан. Ханхад зохион байгуулагдсан “Эв модны наадам”-д оролцоод буцаж явсан бүсгүй төрсөн. Аялал замынхаа дунд орж явсан учраас капитаны амралтын өрөөг суллаж байгаад л охиноо эх барьж авсан. Охин маань одоо арван нас өнгөрч яваа. Номиндалай охин бүх насаараа “Сүхбаатар” хөлөг онгоцоор үнэгүй үйлчлүүлэх эрхтэй, цорын ганц хүн.
-Танайх Ханхад уу, Хатгалд уу?
- Усан онгоц хаана, би тэнд. Ханхын усан зам хаагдахад л онгоцоо дагаад Хатгалд ирж суурьшсан.
- “Сүхбаатар” хөлөг онгоцон дээр гэргийтэйгээ танилцсан гэж аяллын хөтөч Үржинбадам гуай нэгэнтээ ам “алдсан”.
-Миний гэргийг Гэлэгдоржийн Цэрэнчимэд гэдэг. Хатгал тосгоны дунд сургуулийн тогооч. Залуурчин хийгээд “манаргаж” явахдаа гэргийгээ анх олж харсан. Даруухан, нүдэнд дулаахан, хөөрхөн охин байв. Танилцах гэж тэрүүхэндээ эр хүний 13 мэхийн нэгийг ашигласан л юм даа. Өдгөө манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү маань миний мэргэжлийг өвлөхөөр ажиллаж буй. Мэргэжил ч юу байхав дээ, мэрийлт оролдлого, сонирхлоор л энэ мэргэжлийн эзэд болсон юм, үнэнийг хэлэхэд.
- Ер нь манайд мэргэжлийн капитан байсан уу?
- Чадраабалын Бат гуай л мэргэжлийнх байх. Бусад нь бүгд түүний шавь. Ер нь манайхан чинь оросуудыг дагасны хүчинд хөлөг онгоцоо өдий дайны авч яваа юм шүү дээ. Тэгээд ч энэ мэргэжил залуу хүний сонирхох зүйл биш байх аа, өнөө цагт. Зуны хоёр сар ажиллаад бусад цагт нь манаач хийхийг хэн хүсэх билээ. Дээр нь цалин бага.
- Онгоцоо манах нь далайд аялахаас хэцүү гэж танай ажилтан өгүүлсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?
- Ер нь зунаас хавар нь хэцүү. Далай гэсэхтэй зэрэгцээд өдөр бүр шуурга тавина. Энэ үед татлага тасарчихвал онгоц сураггүй алга болно шүү дээ. Тийм болохоор тэнгэр муудах бүрийд л сэтгэл түгшдэг.
- Татлага тасарсан тохиолдол олон уу?
- Өмнө нь гарч байсан юм гэнэ лээ. Харин 2007 онд тийм тохиолдол гарсан. Гэхдээ зун. Шөнө зогсоолд байсан онгоцны татлагыг хэн нэгэн саваагүй этгээд салгасны улмаас онгоц зорчигчидтойгоо далайд гарчихсан хөвж явсан. Азаар тэр өдөр салхигүй тогтуун байсан.
Аяллын цаг богинохон байгаад аялагчдын сэтгэл гонсгор байгаа нь ажиглагдсан?
- “Сүхбаатар” хөлөг онгоц цагт 150 литр тонн шатахуун хэрэглэдэг гэхээр ямар өндөр зардал шаарддаг нь ойлгомжтой байгаа биз. Гэхдээ аяллын зам урт, богино эсэхдээ биш үр дүн нь ямар байхаас их зүйл шалтгаална. Аяллын программ хүн бүхний сэтгэлд нийцдэг нь зорчигчдын харцаас ажиглагддаг юм. Чи нэг анзаараад үзээрэй. Монгол хүн байгаль эхтэйгээ хүйн холбоотой байдаг учраас аялагчид зүгээр нэг усан онгоцонд суух бус залбирч мөргөх, далайн уснаас амсахын төлөө энд ирдэг юм. Харин бид тэдний сэтгэлд нийцэхүйц үйлчлэх учиртай.
- Анхны цалин тань хэдэн төгрөг байсныг та санадаг уу?
- Саналгүй яах вэ. Галч хийхийн зэрэгцээ ачигч хийх учраас цалин өндөр, 450 төгрөг. Цалингаа хаячих вий гээд байн байн халаасаа тэмтэрч үзсээр ижийдээ авчирч өгч байсан юмдаг. Ижий маань дээжийг нь өөрөө ав гээд 10 төгрөг өгснөөр нь кино, чихэр хоёрт өгөөд дууссан.
Би таны ярианаас “Далайн эрэгт өсч өндийсөн нь далайчин болоход нөлөөлж” гэдгийг анзаарлаа. Хэрэв та говьд төрсөнсөн бол ямар мэргэжил эзэмших байсан бол оо?
- Цэргийн дарга.
- Уншигч танаас хүлцэл өчихөд, бидний ярилцлага энд хүрээд өндөрлөсөн. Хариуцлагатай алба хашиж яваа хүний хувьд тэрбээр аль болох анхаарал сарниулахгүй байхыг хичээж байгаа нь надад анзаарагдсан хэрэг. Зорчигчдын аюулгүй байдал юу юунаас чухал билээ. Хаврын тэргүүн сар гарахад хэдхэн хоног дутуу байхад ярилцлагаа буулган, далай ижийд үгэн цацал өргөх зуур “Сүхбаатар” хөлөг онгоцны ахмад нуруугаа үүрчихсэн хөлгөө тойроод алхаж яваа байж ч мэднэ.
Ч.Чулуунцэцэг
Сэтгэгдэл (1)