Сэлэнгэ түмэн энэ эрхэм буурлыг андахгүй. Сүхбаатар хотын гудамжаар алхаж явахтай нь таарсан захын хүн “Нямсүрэн дарга аа, гэж ирээд л амар мэндийг нь эрж, өөриймсч дотносох вий. Өрөөсөн нүдээ анисхийгээд тэрүүхэндээ зөөлөн инээмсэглэх түүнд хэн бүхэн эрхлэх дуртай. Яагаад ч юм нэг тийм зөөлөн, сэтгэлийн доторхи баяр, гунигаа эмээлгүйгээр хуваалцаж болохоор харагддаг болоод тэр байх. Р.Нямсүрэн гуай залуучуудад хачин хайртай. Өөвөн сөөвөн сахалтайгаас биш хүүхдээрээ шахам “амьтдыг” ирээдүйд хэн байхыг нь таньж, их амьдралын замд хөтөлж, чиг зүгийг нь гаргаж өгсөн олон залуучууд нь өдгөө ч даргын юу гэж зөвлөхийг хүлээдэг. Ийм нэг хүндтэй буурлыг “Гарын үсэгтэй ярилцлага” булангийн сар шинийн зочин хойморьт урьж ярилцлаа. Түүний төрд зүтгэсэн, төр түшилцсэн он жилүүд шинэ цагийн Монгол Улсын хөгжлийн гараа байсан байх юм.
-Ах дүү гурван тайжийн голомтын ганц хүү, би-
-Нутгийн буурал ах минь та сайхан өвөлжиж байна уу. Бие лагшин тунгалаг биз дээ?
-Өнөтэй сайхан өвөлжиж байна аа. Хэдхэн хоногийн өмнө нутаг руугаа жирийчихээд ирлээ. Даваа гүвээ цастай байгаа ч яг манай нутаг руу тонгойхын цагт цасны зузаан нимгэрч, жаврын эрч буураад сайхан байна лээ.Нас ахиж яваа болоод тэр байх, хотын суурин амьдралд нэг л дасч өгөхгүй юм аа. Би чинь насаараа нутгийнхаа хөх салхинд илбүүлж яваа нэгэн. Шинийн гуравны өглөө том хүүгээ дагуулаад л овоондоо гарна даа. Тэр л миний, үр ачийн минь жилийн засал болдог юм. Бас насан өндөр ганц эгч минь бий. Эгчдээ магнайгаа үнэрлүүлнэ. Миний эгчийг Даваасүрэн гэдэг юм.
-Нутаг санагдаж, зүүдэнд айлсахаар нь баярладаг болдог юм байна аа. Манай Хараа ч нутаг нутгаас онцгой болохоор арга ч үгүй биз. Хамгийн сайхан нь нутагт маань тоонотоо дугуйлсан хэн бүхэн “Би хараагийнх” хэмээн овоглох дуртай. Өгөөжтэй сайхан хангай болоод тэр байх. Та ингэхэд уугуул уу, суугуул уу?
-Хүй дарсан чулуу минь Сэлэнгэ Мандал сумын Түнхэлийн голд бий. Минжийн хангайн шувтарга үзүүр, ноён тайгын бяцхан чөлөөгөөр хоржигнон урсах харз бараадан өвөлжиж, зусдаг анчин эрийн голомт залгахаар 73 жилийн тэртээ мэндэлсэн билээ, би. Нутаг амьтай гэж ярьдаг даа. Өвгөн ах нь тийм л хүн. Залуучууд нутгийн зөвлөлийн гишүүн энэ тэр гээд тэрүүхэнд нь хөөргөчихөөр бүр л нутаг гүйдэлтэй болдог юм байна. УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн жил хотод аж төрснийг эс тооцвол нутгаасаа гараагүй нөхөр юм шүү дээ.
-Нутгийн буурлуудаас таны талаар сонирхоход нэртэй хүний зүстэй хүү дээ хэмээсэн. Нэртэй анчны үр сад гэдгээр нь тэгж хэлэв үү, эсвэл?
-Шинэ цагийн залууст тэгж хэлүүлж байгаа минь өвөг дээдсийн маань ач буян. Миний хоёр талын өндөр өвгүүд нутаг усандаа нэр төртэй буурлууд явцгаасан. Аав Рэгжийбуу маань өвөг эцэг Лувсангомбоороо овоглодог байв. Төрсөн эцэг нь Долгор гэж хүн байсан авч өвгөн аав голомт дээр гарсан анхны зээ хүү гээд өөрөөрөө овоглосон юм билээ. Аав хоёр охин дүүтэй. Долгорын Жамц, Долгорын Туваанжав. Сайхан хөгшчүүд байсан, саяхан өөд болцгоосон доо хөөрхий. Аавын талынхан их урт насалдаг. Аав намайг нэлээд том болтол ан ав хийдэг байв. Сүүлдээ нас нь ахиад ав хийхээ больсон. Нэгэнтээ намайг дуудаад “Миний хүү ан ав хийх хэрэггүй байх. Нэг гэрт нэг л анчин байя. Ан ав гээч үе дамжуулан хийдэг зүйл биш байх. Чиний дараагийн үе яахаа өөрсдөө мэднэ биз” гэснээс нь хойш би амьтны хамраас цус гаргах бүү хэл хангай руу зүглэхээ больсон. Харин ээжийг минь Жүгдэрийн Ангараг гэнэ. Өвөг эцэг маань тайж хүн байлаа. Эрдэм ном, хураасан хөрөнгө бэл, мал хуйгаараа нутаг усандаа л яригддаг нэгэн байж. Өвөг эцэг эхээс олуул. Гурван сайхан хүүтэй. Наваан тайж, Жүгдэр тайж, Балдангомбо тайж хэмээн ах дүү гурван тайж байсан тухай намайг хүүхэд байхад хөгшчүүд ярьж, ижий минь толгой дохиж суудагсан.Тэд хамжлагатай тайж нар явцгаасан юм билээ. Би Наваан тайжийн энгэрт эрхэлж өссөн азтай эр. Намайг арван жилийн сургууль төгстөл амьд байсан. Эрдэм ухаанаар аугаа буурал байлаа. Дүү Балдангомбо тайж нь хуучнаар Баатар вангийн хошууг захирдаг байсан. Энэ нь одоогийн Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэр байхгүй юу. Их хэлмэгдэлт буюу 1930-аад онд баригдаж яваад сураггүй болсон гэнэ лээ.Миний эхийн тал ийм түүхтэй. Нагацууд маань өндөр нуруутай, ясархаг хүмүүс байсан. Ажилтай төрөлтэй гэж жигтэйхэн.
- Тэгэхээр “нэртэй хүний зүстэй хүү” хэмээсэн нь хий хоосон магтаал биш аж. Таны үр садыг ч Нямсүрэн даргын үр сад гэнэ шүү дээ?
Сайн явбал тэгэх л байх. Миний үр хүүхэд муу явах учиргүй. Намайг төрсөн даруйд ижий ламаас асууж л дээ. Их сайн явах хүү байна. Номын мөр хөөлгөөрэй гэж. Миний үеийнхэн сайн л бол дөрөвдүгээр анги төгсөөд л сургуулиас гардаг байв. Аав,ээж хоёр бусдын жишгийг дагаж, намайг сургуулиас гаргаагүйн буянаар би өдий зэрэгтэй яваа болов уу. Дээр нь эцэг өвгөдийн үйлдсэн буяны зам мөр надад болоод миний үр хүүхдэд ээлээ өгсөөр ирсэн.
- Тракторын жолоочийн үнэмлэх надад бий шүү-
-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөе. Нутгийн зөвлөлийн уулзалт дээр “тракторын жолоочийн үнэмлэх надаа бий” хэмээн хуучилж байсан. Анх эзэмшсэн мэргэжил үү?
- Тийм. Ингэж хэлэхээр ТМС төгсч хэмээн бодох байх. Батсүмбэрт дөрөв, Зүүнхараагийн арван жилийн сургуульд арваннэгдүгээр анги төгссөн. Намайг ахлах ангид элссэн тэр жил улсын хэмжээнд таван сургуулийг \Улаанбаатарын нэг,18 дугаар сургууль, Сэлэнгийн Зүүнхараагийн нэгдүгээр арван жил, Дорноговийн Сайншанд,Төв аймгийн Жаргалант сум\ туршилтаар арваннэгдүгээр анги төгсгөсөн юм. Лаборатори сургууль ингэж байгуулагдсан түүхтэй. Нэг үгээр туршилтын туулай болсон хэрэг.Бидэнд политехник коллежийн системээр сургалт явуулсан. Сургалтын программ ХАА, газар тариалангийн салбар руу чиглэгдсэн. Тэр үед газар тариаланд дугуйт болон гинжит трактор дөнгөж нэвтэрч байлаа. Сурагчид наймдугаар анги төгсөх хавраа үрсэлгээнд, зун нь уринш ,намар нь комбайнчны туслахаар ажилласан. Комбайнууд бүхээг байхгүй задгай. Хаврын шуурганд салхи, шороо хоёрт нүдүүлэх амаргүй шүү. Комбайнчин унтах хооронд засвар үйлчилгээ хийх үүргийг ахлах ангийн сурагчид хүлээнэ. Жолооч нарыг амрах хооронд сүүхэйчилж комбайн барина. Комбайн барих их хэцүү, трактор гайгүй ээ. Тэр жил арваннэгдүгээр анги төгссөн хорь орчим хүүхдээс дөрөвхөн хүүхэд л тракторын жолоочийн үнэмлэх гардсан. Бидний үед конкурс гэж байгаагүй, сургууль нь хуваариа өгдөг байлаа. Хамгийн өндөр оноо авч МУИС-ийг физикийн ангид элсэн суралцаж, физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн, 1970 онд. Цөөхөн хүүхэд диплом хамгаалж, хоёр дипломтой төгссөний нэг нь би.
-Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ?
- Төрж өссөн Сэлэнгэ нутгаасаа эхэлсэн. Зүүнхараадаа нэг жил, аймагтаа гурван жил багшлаад боловсролын хэлтэст байцаагч, сургуулийн захирал, эвлэлийн ажилтан, намын ажилтан гэх мэтчилэн улсад, нутагтаа 34 жил ажиллаад тэтгэвэртээ суусан. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан дөрвөн жил л хотод ажиллаж амьдарсан. Манай найз нөхдүүд намайг “Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаас бусдыг хийсэн” хэмээн цаашлуулдаг. Эргээд бодсон чинь үнэхээр тийм юм билээ.
-Олон жил намын ажил хийсэн мөртөө их хожуу улстөрд орж иржээ?
-Хожуу ч биш юм аа. Социализмын үед аймгийн намын хорооны товчооны гишүүнээр сонгогдсон үеэс гэхээр олон жил тогоонд нь буцалж. Сумын намын үүрийн дарга, Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр дарга гээд намын бүх шатны байгууллагад ажилласан байдаг.
Эвлэлийн ажилтанд чадахгүй мэдэхгүй зүйл гэж байх ёсгүй гээд л. Сүртэй байлаа шүү дээ, тэр үед. УИХ-д нэр дэвшсэн тухайд зүгээр гүйж яваад гишүүн болсон юм биш. Бас хэн нэгний цүнхийг барьж харайлгаагүй. Насны хувьд ч 59. Төр түшилцэх хувь надад тохиосон гэж хэлж болно. Нэрийг нь мартчихаж. Сант маргад байх аа. Сэлэнгэ аймагт явуулсан санал асуулгаар би хамгийн өндөр оноо авсан юм билээ. Миний нэрийг дэвшүүлсэн тойрог Мандал, Баянгол Ерөө гэсэн гурван сумтай. Ш. Гунгаадорж гуай өмнө нь сонгогдсон байсан. Тэгээд намын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Идэвхтэн хоёр дуудаад “Та сонгуульд нэрээ дэвшүүлэх шаардлагатай боллоо гэсэн. Хангалттай олон санал авч намдаа, аймагтаа суудал авсан. УИХ-ын гишүүнийхээ үүргийг өөрийнхөө хэмжээнд биелүүлсэн болов уу гэж бодож явдаг даа. Миний санаачилсан, ажлын хэсэгт нь орж ажилласан хэд хэдэн хуулийн төслүүд эдүгээ амьдрал дээр сайн хэрэгжиж байгааг хараад баяртай байдаг.
Цаг хугацааны хувьд?
-1979 оны арванхоёрдугаар сараас хойш тэтгэвэрт суутлаа. Өдгөө ч намын гишүүнийхээ үүргийг биелүүлэхийн төлөө зүтгэсээр яваа.
-Таны алба хашиж явсан он жилүүдэд Сэлэнгэ аймаг ажил үйлсээрээ мандаж байсан. Эл амжилт төрийн ажил залгамж чанартай байж, албан хаагчид нь хариуцлагатай байсны үр дүн болов уу. Өдгөө ч амжилтын буухиа үргэлжилсэн хэвээр байгаа.
- Бидний үед аливаа асуудалд хамтын шийдвэрээр ханддаг байв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд бидний санаачилсан, эхлүүлсэн ажлууд цөөнгүй. Үр дүнгээ өгсөн нь бий. Аймгийн Засаг даргаар ажилласан 2000-2004 онд аймаг гэлтгүй улсын хэмжээнд хамгийн их хуйраашилтын үе таарсан. Газар тариаланг маш олон хүн орхисон. Сэлэнгийн тариаланг хадгалж үлдээхийн багагүй зүтгэл гаргасан гэж хэлж болно. Төв аймгийн хэд хэдэн сум тариа тарихаа больж байлаа шүү дээ. Харин бид газар тариалангаа авч үлдэж чадсан юм шүү. Энэ бол миний сайных биш. Эрдэм чадалтай, баг хамт олонтой ажиллаж байсны ач буян. Миний орлогч Баярмагнай гээд мундаг залуу байлаа. Орлогч маань бүс тайлалгүй олон сар зүтгэсэн дээ. Эдүгээ манай аймаг Монгол Улсын төмс хүнсний ногоо, үр тарианы ихэнхи хувийг дангаараа хангаж буй. Энэ жил бүр 60 хувьд хүрсэн. Нөгөөтэйгүүр, сэлэнгэчүүд нутгархаж сүйд болдоггүй. Өнгөрсөн 2001 онд аймгийн 70 жилийн ой болдог юм байна. Би аймгийн Засаг дарга. Нутгийн зөвлөл гээд бүх аймагт байдаг. Гэтэл манайд байхгүйтэй адил. Тиймээс өөрөө даргаар нь ажиллаж, Улаанбаатарт хоёр том арга хэмжээ зохион байгуулсан. Үүний үр дүнд эх орны маань өнцөг булан бүрт аж төрж буй сэлэнгэчүүд нэгдэж чадсан. Манай нутгийн томчууд “Нямсүрэн чи нутагтаа том хувь нэмэр орууллаа” гэж магтсан. Түүнээс хойш Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл маань идэвхтэй, сайн ажиллаж байгаа. Содхүү дарга, манай Сайнжаргал, Цээпил, Эрдэнэбат гээд залуучууд маань сайн авч явж байгаад өвгөн би баяртай явдаг. Энэ ажлыг намайг санаачилсан гэхээр нь баярлаж л суух юм. Ямар ч ажлыг сайн төлөвлөж, сайн зохион байгуулбал үр дүнд хүрдэг.Би залуучууддаа үүнийг л зөвлөдөг. Нямсүрэнгээр овоглогдож үлдсэн өөр нэг ажил бол Сэлэнгийн алдарт бөх Боохой Данзангийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн явдал. Үүний үр дүнд манай нутаг сайхан сайхан бөхтэй болцгоосон. Сумъяабазар түрүүлж, Өсөхбаяр үзүүрлээд, А.Сүхбат гуравт орсон. Түрүүлсэн бөхөд таван сая, үзүүр бөхөд дөрвөн сая, гуравт орсон бөхөд гурван сая, дөрөвдүгээр байранд орсон бөхийг хоёр сая төгрөгөөр байлсан нь бөхчүүдийн бай шагналын үнэлэмжийг дээд цэгт нь хүргэсэн үйл явдал болсон. Бат-Эрдэнэ аварга нэгэнтээ Нямсүрэн гуай ёстой балиар шүү. Үндэсний бөхийг шатрын нүүдлээр барилдуулаад гэж билээ. Тэр үед бид хоёр УИХ-д хамт сууж байсан юм. Үүгээр юу хэлэх гэж байна вэ гэвэл, сайн төлөвлөсөн ажилд хэдий хэмжээний хөрөнгө гаргана тэр хэрээр ашиг тусаа өгдөг. Боохой Данзангийн ойгоор Бөхийн өргөө анх удаа хөл гишгих зайгүй болтлоо дүүрсэн гэдэг юм билээ. Сүүлд нь Ганбаатар тайлбарлагч “Сэлэнгийнхэн бас хачин улс юм. Би энэ бөхийн өргөөд өөрөө барилдаж, бөх тайлбарласан он жилүүдэд Бөхийн өргөөг ингэж дүүрснийг анх удаа харж байна” хэмээсэн нь миний сэтгэлд үлдсэн байна.
- Манай багаас тэтгэвэрт гарсан нэгэн байхаас ажлаас халагдсан хүн байхгүй-
- Та хүнтэй ажилладаг арга барилаасаа хуваалцаач. Залуучуудад хэрэгтэй байх?
- Хүн бүр өөр, өөрийн арга барилтай, бас өөр, өөрийн зан төрхтэй. Зарим дарга өөрөөсөө илүү чадалтай, боловсролтой хүнтэй хамтран ажиллах дургүй байх нь бий. Миний тухайд эрдэм чадалтай залуучуудаар хүрээлүүлж, тэднийг ажиллуулж чаддагт л оршино. Салбар, салбарынх байвал бүр сайн. Би хүн загнаж зандраад байдаггүй. Бусдыг танихдаа гайгүй ч юм уу гэж боддог. Аймгийн Засаг даргын ажлыг 2000 онд хүлээж аваад өөрийн багийг бүрдүүлсэн. Сайн багтай байхад ажил урагштай байдаг юм.Тэр багаас миний орлогч байсан Баярмагнай маань аймгийн дарга болсон. Тамгын даргаар ажиллаж байсан Ж.Сангижав маань ИТХ-ын дарга, татварын хэлтсийн дарга Жавхлан маань Хурлын дарга болж дэвшсэн. Засаг даргаар ажиллаад удаагүй байхдаа 25-хан настай, төрд гуравхан жил ажилласан Ж.Эрдэнэбатыг Төрийн сангийн даргаар томилоход олон хүн гайхсан, бас дургүйцсэн. Тэгэхээр нь би “Чадна аа. Удам судраараа ажилч хичээнгүй улс. Тийм хүний үр сад ажил унагах учиргүй. Цаана чинь 25 настай УИХ-ын ишүүн байна” гэж хэлээд зүтгэсэн. Миний зүтгэл зөв байсныг Эрдэнэбат хэдхэн сарын дотор харуулсан. Удалгүй аймгийн орлогч, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд болтлоо өсч өндийсөн шүү дээ. Энэ мэтчилэн миний үед ажил албанд томилогдож байсан мэргэжилтнүүд эдүгээ аймгийн бүх газар, хэлтэст даргаар ажиллаж байна. Манай багаас тэтгэвэрт гарсан нэгэн байхаас ажлаас халагдсан хүн байхгүй. Хүмүүс надаас эмээдэг юм гэнэ лээ. Тэрийг би ойлгодоггүй. Хүнд хүндэтгэлтэй хандаж бай. Мөнгө болоод төрийн ажилд маш нарийн тооцоотой хандана шүү гэж хэлдэг байсан.
-Зүүнхараагийн нутгийн зөвлөлийнхөнтэй хэдхэн цаг уулзахдаа шат шатны байгууллагад ажилладаг залуучуудтай танилцсан. Тэд “Нямсүрэн даргын гаргасан жимээр бид өгсч яваа юм” гэцгээхийг сонсох сайхан санагдсан. Гэвч бусдын нөмөрт хоргодож, цүнх барьж давхидаг залуучууд их болсон гэж дуулдах юм?
-Сонин хэвлэлд өгүүлснээр, хүмүүсийн тэрний цүнхийг барьж давхисны шанд албан тушаалд хүрдэг чинь амьдрал дээр үнэн л дээ. Цүнх барьж давхиад юм сурах уу. Үгүй шүү дээ. Төрийн албаны зөвлөлийн хууль шинэчлэлийг сонин дээрээс гүйлгэж уншлаа. Хэрэгжүүлж чадвал их аятайхан хууль болсон байна лээ. Жишээ нь, төрийн нарийн бичгийн дарга тухайн салбартаа таваас доошгүй жил ажилласан байх. ХАА-н яам дээр хөдөлмөрийн багш хүн төрийн нарийн бичгийн даргын сэнтийд заларсан тохиолдол байдаг байхгүй юу. Тухайн салбарт 15-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шалгуур болж байна. Хугацаа нь арай урт байж ч мэднэ. Тэгэхгүй бол тэр ажлыг зүгээр жирийн хүн хийж чадахгүй. Улс төрийн томилгоо гээд сүрхий юм байна. Улс төрийн томилгоо, аж ахуйн томилгоо хоёрт зааг тогтоох хэрэгтэй.
-Зааг ялгааг нь хуульчилж өгөх хэрэгтэй юу?
-Хуульчилж өгөх хэрэгтэй. Бизнесмэнүүд анх улс төр лүү орж ирээд яаж бужигнууллаа. Тэдний цаад санаа нь өөрийнхөө бизнесийг яаж цэцэглүүлэх вэ гэдэгт л оршино. Тиймээс үүний зааг ялгааг нарийн гаргах хэрэгтэй. Гэхдээ л хүний эрхийг хязгаарлаж болохгүй л дээ.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ.
-Хүүхдүүдээ тус тусынхаа ажлыг хийн, ахуйгаа хэний ч дор орохооргүй авч яваад нь өтөл буурал би баярлаж суудаг. Том хүү маань тариаланч. Бага хүү Сэлэнгэ аймгийн татварт бүртгэлтэй барилгын жижигхэн компанитай. Бага хүү арван га газарт чацаргана тарьсан. Дажгүй сайхан ургасан. Тэр миний очдог ганц обьект. Гол нь нутагтаа байгаа минь жаргал. Хотод ч амаргүй шүү.
-Та хэсэг хугацаанд Сентерра гоулд компанид зөвлөхөөр ажилласан. Нутгийн хүний хувьд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
- Үнэнийг хэлэхэд, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс тэтгэвэртээ суусан, ажлаа өгсөн. Энэ байгууллагад чамгүй олон жил ажилласан байна. Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгж гэж би хувьдаа дүгнэж явдаг. Хариуцлагатай уул уурхай гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулсан, хэрэгжүүлсэн газар. Хариуцлагатай уул уурхайн жишиг загварыг Монголд бий болгоод зогсохгүй олон чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж өгсөн компани. Орон нутгийн хөгжил дэвшилд маш их хувь нэмэр оруулсан орд гэж боддог. Одоо Гацууртын орд гацаанд орсон. Үүнийг хөдөлгөх л хэрэгтэй. Гачууртын ордыг ажиллуулвал 1000 орчим хүн ажлын байртай болох юм билээ. Цалин нь саяаас дээш. Нарийн мэргэжлийн улсууд нь 4-5 сая авдаг байх. Монгол Улс төдийгүй дэлхийн эдийн засгийг алт авч явж байгаа, үнэ цэнэ нь гайгүй байгаа энэ үед ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах нь өгөөжтэй алхам болно. Намайг гадныханд худалдагдсан галзуу өвгөн л гэдэг юм. Гэвч амьдрал дээр Мандал, Түнхэлийн иргэд уурхай ажиллаж эхлэх талаар сураг тавьсан, хүлээсэн хэвээр байгаа. Хориг тавиад ямар үр дүнд хүрснийг нь надаар хэлүүлэх юун. Хэдхэн өдрийн дотор хүний амь эрсдэж, төрийн тусгай хамгаалалт бүхий Ноён уулыг маань нинжа нарын гараар сүйд хийх дөхсөн. Ер нь эрх зүн хувьд ч ашиглах нөхцөлүүл бүрдсэн. Гурван гэрээ нь гурвуулаа үзэглэхэд л бэлэн.
Хөрөнгө оруулалт, орд ашиглах, орон нутгийн гэрээнүүд нь Монгол Улсад ашигтай байдлаар боловсруулагдсан.
-Хууль, эрх зүйн хувьд гацах юмгүй байна гэж ойлголлоо. Улс төр л гүйгээд байгаа юм байна даа?
-Гэрээ байгуулах ажлын хэсэг нь байгуулагдсан. Нөгөөтэйгүүр, янз бүрийн шалтгаан байдаг л байх. Өөрийгөө эх орончид гээд нэрлэсэн дуу чангатай хэсэг нөхдүүд бий. Улс төр ч нөлөөлдөг байхыг үгүйсгэх аргагүй. Уг нь манай нутгаас УИХ-д гурван хүн сууж байгаа.
-Тэгээд яах юм?
-Одоогоор хэлэх үг алга байна. Ашиглаж л таарна даа. Бэлээхэн техник технологи нь байна. Хэрвээ ашиглуулахгүй бол асуудал улам л түвэгтэй болно. Арбитарын шүүхээр явна. Шүүхэд нэхэмжлэл гарган гаргасан зардлаа авна гэвэл хэдэн зуун тэрбум төгрөгийн өрөнд унах байх, Монгол Улс. Энэ өрийг дарах гэж дахиад зээл авах хэрэг үү.
-Зүүнхараа хотыг бие даасан статустай хот болгох асуудал яригдах юм. Та бидний адил бие даасан хот болоосой гэж боддог уу?
-Эрх бүхий хүмүүс, аймгийн нөхдүүд 15 мянгаас дээш хүн ам суурьшсан газрыг хот гэдэг статусыг нь өгөх хэрэгтэй юм байна лээ. Үнэндээ эрх зүйн хувьд төр захиргааны удирдлагын наад захын аппаратаас эхлээд бүтцийн өөрчлөлт орно. Жавхлант сум 1800 хүнтэй,Мандал сум 27 мянган хүн амтай атал бүтэц нь яг адилхан байдаг. Хэрэв хот болговол аяндаа өөрчлөгдөнө. Төрийн үйлчилгээ нь сайжирна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэр үеийн сум, нэгдлийн дарга нар Үндсэн хуулийг батлахдаа нэгдэл, САА гэж орилолдсоор хот гэдэг зүйлийг үгүй хийсний гор энэ.
-Түрүүнээс хойш хэдэн өрөө дамжуулан залсан Лениний цээж баримлын цуглуулга нүдэнд тусаад болдоггүй. Хэрэв таны өмч бол хачирхалтай цуглуулга байна шүү?
-Дээр үед надад Лениний жижигхэн цээж баримал байсан. Түүнийг Улаан-Үдийн хорооноос бэлэглэсэн. Эргэлт болж, бүх зүйл бужигнах үед манай аймаг өмчөө тоолсон. Тооллого явуулж байсан нөхдүүд “Лениний толгой нэлээд хэд байдаг юм байна. Улсын хөрөнгийн бүртгэлээс хасагдсан байна. Бүртгэх юм уу яах юм” гэхээр нь Тамгын газрын даргын хүн байна даа, гудамжинд гаргаад хаялтай биш, бүгдийг нь авчруулаад цонхны тавцан дээр өрсөн. Ардчилсан нийгэмд шилжсэн үед Лениний толгой даргын өрөөнд байх нь эвгүй мэт санагдсан учир гэртээ авчирсан. Сүүлдээ цуглуулга болж хувирсан. Худалдаж авсан толгой ч хэд хэд бий. Найз нар бэлэглээд өдгөө 38 Лениний дунд аж төрж байна. Ленинд хайртайдаа биш ээ. Урлагийн бүтээл гэдэг талаас нь цуглуулах болсон. Лениний музейд байгаа маш том баримлыг сонирхсон чинь таван саяас дуудна гэсэн гэнэ лээ. Тэтгэврийн хүн яаж чадах вэ дээ. Миний өөр нэг цуглуулга гэвэл явсан газраасаа бурхан цуглуулдаг. Овоо хэд болоод байгаа. Заримыг нь сүншиглэж, амилуулсан. Занабазар хийцийн ганц нэг бурхан бий. Түүхийн ховор бүтээл шүү дээ.
Та бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Нутгийнхаа золголт дээр уулзая. Та сайхан шинэлээрэй.
Сэтгэгдэл (9)