Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Энэтхэг улсын Фортис эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор болон өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, мэдээлэл солилцох чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэ дагуу өнөөдөр тус аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар Энэтхэг улсын Фортис эмнэлгийн менежер Гаурав Такралтай уулзалт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Уг санамж бичигт гарын үсэг зурснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношилгооны чиглэлээр олон улсын сургалт семинарт эмч мэргэжилтнүүдийг хамруулахад дэмжлэг үзүүлэх, туршлага судлахад дэмжлэг үзүүлэх, эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох аж.
Мөн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх зорилгоор тус аймгаас Фортис эмнэлэгт шилжүүлэх юм байна.
Харин Фортис эмнэлэг нь тус Эрүүл мэндийн газраас илгээсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх тусламжийг үзүүлэх давуу талтай ажээ.
Н.Заяа