Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улс ч энэхүү жишгийг хойш тавилгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж, өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болголоо. Эрчүүд, өрх гэрийн тэргүүн болгон эхнэрээ, ээжийгээ, охиноо, найз бүсгүйчүүдээ баярлуулахаар хурдалцгаасаар. Бүүвэйн дуу аялсан бүсгүй хүн та бүрэнхий шөнийг ч гэрэлтүүлж чадна гэж бий. Тиймээ бүсгүй та байхгүй байсан бол эрчүүд бид хэнээр халамжлуулж, үр удмаа залгах билээ. Ямартай ч өнөөдөр бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиож, газар сайгүй хөл хөдөлгөөнд автаж байна.
Баярын өдөртэй зэрэгцсэн нэгэн сонин содон үйл явдал бол “Сүх”-ийн талбайд болсон жагсаал. Гэхдээ эрх ашиг гэж тунхаглахаас гадна, гурван өөр өнгө аястай жагсаал өрнөв. Жагсагчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалсан утга санаатай ч өөрсдийн гэсэн онцлогийг харуулсан, тодорхой уриатай, хэлбэр дүрс ч нэг хэвэнд баригдаагүй байлаа.
Монголын залуучуудын холбооноос дөрөв дэх жилдээ санаачлан зохион байгуулж буй “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал боллоо. Энэхүү жагсаалыг зохион байгуулагчид хэн нэгэнд гомдож тунирхсан зүйл огт алга. Ганцхан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүндлэх, дээдлэх асуудлыг л ярьж, тунхаглаж байсан юм. Улс даяараа жилийн дөрвөн улирал, 365 хоногийг баяр ёслол, найр наадмаар хавтгайран өнгөрүүлж байгааг тэд шүүмжлэв. Иймээс эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхэг бүсгүйчүүдийн эрхийг хамгаалж, дэмжих нь чухал болохыг онцолсон өнгө аясаар жагсацгаалаа.
Харин “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриатайгаар жагсаж байх. Ерөнхий дүр төрх нь төрд гомдож, жагсжээ. Найман эмэгтэй нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлэх аж. Уг нь, тайз засч байгаад нүцгэлэх ёстой байсан бололтой. Гэтэл тайз засуулаагүйд ч гомдоод амжлаа. Ер нь, нүцгэлэх жагсаалыг нь дэмжиж, тайзан дээр тайчихыг нь хүлээн зөвшөөрч, хувцсыг нь тайлуулах ёстой байж. Өмнө жил гурван ээж нүцгэлж байсан бол өнөөдөр найм болж ийнхүү өргөжжээ. Хамгийн гол шаардлага нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж өгөхийг хүсэв. Магадгүй төр засаг эцэг хуульд заасан эрхийг хангахгүй бол нүцгэн ээжүүдийн тоо нэмэгдэх нь бололтой.
Гурав дахь жагсаалыг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ зохион байгуулж байсан юм. Төрийн бус байгууллагынхан зургаа дахь жилдээ уламжлал ёсоороо жагсаал байгуулж байгаа бөгөөд “Нэг тэрбумаараа тэмцье” нэр өгчээ. Тэрбум гэсний утга учир ч бий аж. Өнөөдөр дэлхий даяар долоон тэрбум хүн амьдарч байгаагийн тэрбум нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар гурван эмэгтэй тэтмын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамтанд өртдөг болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, амьдрах хугацааныхаа аль нэг үед дарангуйлалд өртдөг юм байна. Тиймээс үүний эсрэг, дарамтанд өртөхгүй байхыг уриалж тэрбумаараа санаагаа нэгтгэх уриалга гаргажээ. Цаашид дарлуулахгүй тэмцэж, аливаа бүхний өмнө хүчирхэг гэдгээ харуулж, нэгдэх ёстой хэмээж байсан юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, тусгаар улсын төв талбайд ийм гурван өөр дүр зурагтайгаар жагсацгааж байна бүсгүйчүүд маань. Эрхээ хамгаалж, эдэлж, эсэргүүцлээ илэрхийлж ёстой л нэг дураараа жагслаа тэд. Өдөр нь жагссан тэд үдэш нь баяраа тэмдэглэх биз ээ.
Мартын 8 үргэлжилж байна. Бүсгүйчүүд баярлаж, эрхээ эдэлсээр.
Сэтгэгдэл (5)