Саяхан Монголын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж телевизээр “Нэг шүүгч яагаад тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай байж болдоггүй юм бэ” хэмээн өөрийнхөө томилгооны баяжиж дууссан шүүгч нараа өмгөөлөн ярьсан нь ард иргэдийн дунд ихээхэн бухимдал төрүүлээд авсан билээ. Тэгээд ч түүний ийнхүү том дуугарч, 500 гаруй шүүгч нараа өмгөөлснийх нь дараахан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь эрхэм Н.Лүндэндорж та өөрөө юм шүү” хэмээн захидал илгээсэн нь олны дунд багагүй яриа хөөрөө үүсгэсэн юм.
Мэдээж өнөөдөр олны дунд ихээхэн бухимдал үүсгэж, ард иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа асуудал нь Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний амь амьдралын баталгааг ханган, шударга ёсыг дээдлэн ажиллах учиртай хууль, шүүхийн байгууллагад бугшсан завхрал болчихоод байгаа нь гарцаагүй үнэн билээ.
Тэгээд ч хууль шүүхийнхэн дунд үүсч, ард иргэдийг бухимдуулсаар байгаа дээрх гажуудлуудыг засах гарц нь хууль, шүүхийн байгууллагыг цэвэр ариун байлгах явдал мөн гэдэг нь ч тодорхой.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гэгчийн тухайд бол тэрээр 2013 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж эхэлснээс хойш өнөөдөр таван жил өнгөрчихөөд байгаа юм. Сайтар нягталваас энэ бол хууль тогтоох дээд байгууллагын нэгэн бүрэн эрхийн хугацаанаас ч урт хугацаа гэдэг нь ойлгомжтой. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц өөрчлөлт хийгдсэн бэ гэдгийг одоо тодруулах, олон нийтийн санал асуулгаар нэг тийш нь болгох цаг болсон.
Иргэдийнхээ дунд ямаршуухан үнэлэмж дүгнэлттэй байж, шударга ёсыг тогтооход ямар хувь нэмрээ оруулав гэдгээ Шүүхийн Ерөнхий зөвлөл хэмээх томхон байгууллагын даргын хувьд эрхэм Н.Лүндэндоржтон ард түмэндээ хэзээ тайлагнах нь тодорхойгүй байгаа нь хачирхалтай. Гэтэл Монголын ард түмний өмнө шударга байх учиртай Шүүх засаглал зоос мөнгөний өмнө хүчин мөхөсдөж, шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн баримт нотолгоо, мэдээллийн эх сурвалжууд толгой дараалан олон нийтэд ил болсоор байгаа нь өнөөдрийн эмгнэлэл болчихоод байгаа билээ.
Монгол Улсын шүүх, шүүхийн байгууллага, шүүгчид гаднын хөрөнгө оруулалттай ХААН банкны барьцаанд орж, ядарсан иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа, байсан нь илчлэгдсээр л байгаа. Үүнийг эрхэм Н.Лүндэндорж та Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажилласан хэмээн тайлбарласаар л байгаа нь хачирхалтай. Яг үнэндээ Монгол Улсын шүүхийн хараат бус байдал Олон улсын байгууллагын судалгаагаар 137 орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж сүүл мушгиад байгааг Монголчуудын олонхи нь харсан, дуулсан.
Гэтэл Н.Лүндэндоржтон та шүүгч нарынхаа хадгаламжин дахь нэг тэрбум төгрөг, өөрийн тань үйлдсэн автомашины ослын тухай гээд тантай холбогдолтой таагүй мэдээлэл хөвөрсөөр байхад ажиг ч үгүй ажлаа хийж, хажуугаар нь хачирхалтай мэдээлэл түгээсээр яваа нь гайхалтай. Нарийн яривал таны тарьсан балгийг чимээгүйхэн баллуурдсан хоёр хүнээ тэнгэрт тултал тэтгэсэн чинь үнэн гэдгийг ард иргэд дуулсан, мэдэцгээсэн л байгаа.
Таны согтуудаа үйлдсэн тун таагүй нэгэн хэргийг эргэн сануулахад 2011 оны нэгэн шөнө өөрийн тань үйлдсэн авто тээврийн ослоор оюутан охин амь насаа алдаж хохирсон нь гарцаагүй үнэн билээ. Тухайн үед жирэмсэн охины амь насыг дайрч сөнөөсөн таны согтолт 2.6 бүхэлтэй байсан гэдэг бөгөөд өөрийн тань үйлдсэн хэргийг шалгасан Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч болон Тээврийн прокурор нар өөрийг тань Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хэмжээгүй албанд томилогдсоны дараа шүүгч болон суга дэвшиж өөрийн тань ивээлд багтсан гэдгийг эрхэм та хэрхэн тайлбарлах вэ.
Ер нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар таван жил завсаргүй ажилласан эрхэм та өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийн хадгаламжтай болж амжсан бол. Мөн таны ивээлд байдаг шүүгч нарын хэд нь тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай болцгоож Монголын баячуудын эгнээнд шилжицгээсэн юм бол. Та энэ бүх асуултын хариуг аль телевизээр хэзээ өгч, мэдээлэл хийх вэ. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын зөөлөн суудлаа хэзээ ур чадвартай, шударга шүүгчид шилжүүлэн өгч, тэтгэвэртээ суух вэ. Үгүй бол саяхныг шиг л өөрийнхөө ивээлд байдаг баян тарган шүүгч нараа өмгөөлөн хамгаалж, өөрөө ч улам л баяжсаар суухыгаа эрхэм болгосоор явах юмуу.
Д.Түвшин
Сэтгэгдэл (59)